Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ЮНЕСКО-гийн Ерөнхий захиралтай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-07-10 18:28:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулейг өнөөдөр хүлээн авч уулзав.


Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнгөрсөн 60 жилийн хугацаанд Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээлэл харилцаа холбооны салбарын хөгжилд ЮНЕСКО үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглээд, цаашид боловсролын салбар дахь цахим шилжилт, Монгол Улсад шинээр геопарк байгуулах, мэдээлэл харилцаа холбооны зэрэг салбарт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.


ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал О.Азулей Монгол Улсыг ЮНЕСКО-гийн төсөл, хөтөлбөр, конвенцыг үндэсний түвшинд хэрэгжүүлэх чиглэлд ЮНЕСКО-гийн төв байгууллага болон бүс, дэд бүсийн төлөөлөгчийн газруудтай нягт хамтран ажиллаж ирснийг онцолж, ардчилал, хүний эрхийг дээдлэх болон яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны нийтлэг зарчим дээр тулгуурлан хөгжүүлж буй харилцаа улам бүр бэхжиж буйг онцлон тэмдэглэв.


Монгол Улс ЮНЕСКО-гийн гишүүнээр элссэний 60 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү айлчлалаар Монгол Улсын Засгийн газар ЮНЕСКО 2022-2029 онд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгууллаа. Шинээр байгуулсан санамж бичиг нь Монгол Улс, ЮНЕСКО-гийн хооронд хөгжүүлж буй боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээлэл харилцаа холбооны салбар дахь хамтын ажиллагааны дараагийн алхмуудыг тодорхойллоо.


ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэгийн урилгаар энэ 7 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

Холбоотой мэдээ