СЭЛЭНГЭ: Тужийн нарсан ойг сэргээхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж хөдөлмөрийн баатар цол олгов

ОРОН НУТАГТ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-07-07 21:43:37

Сэлэнгэ /МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймаг Хөдөлмөрийн баатар, гавьяат, алдартнуудын өлгий нутаг. Энэ ч утгаараа өнөөдөр бас дахин нэгэн хөдөлмөрийн баатраа өлгийдөн авлаа. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байрладаг домогт Тужийн нарс гурван удаагийн их түймэр, хүмүүний зохисгүй үйл ажиллагаанд өртөн далаад хувь нь сүйрсэн гунигт түүх бий. Энэхүү тужийн нарс нь Сэлэнгэ аймагт төдийгүй Монгол орны ойн санд өвөрмөц тогтоц, бахархал болсон гайхамшигтай ой билээ. 46.5 мянган га талбайг эзлэн тогтсон энэхүү цогцолбор ойг нөхөн сэргээх, ойжуулах ажлыг чадварлагаар удирдан зохион байгуулж, үр өгөөж нь мөнхөд үлдэх амжилт бүтээлийг бий болгосон амжилтаар Улсын мод үржүүлгийн газар, “Ой, ан төв” үйлдвэрийн газрын дарга асан, Ойн гавьяат ажилтан Баттөмөрийн Жамсранд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цол хүртээлээ.

Тэрээр Ойн салбарыг хөгжүүлэх үйлсэд эзэмшсэн мэргэжил, хөдөлмөр зүтгэлээ 50 шахам жил зориулжээ. Энэ хугацаанд Дархан цаазат Богд хан уулын хөвч ойн хамгаалалт, арчилгааг гардан зохион байгуулж, түймэрт өртсөн Тужийн нарсан ойд 20 сая гаруй мод тарьж ургуулан улсын ойн санд хүлээлгэн өгчээ. Мөн ойн нөөцийг нэмэгдүүлсэн нөр их хөдөлмөр, ойн салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх. Байгаль орныг хамгаалах бүтээлч санал, санаачилга, салбарын шинэ залуу боловсон хүчнийг сурган дадлагажуулж, чадавхжуулсан хичээл зүтгэл. Цаашлаад эх дэлхийгээ хайрлан хамгаалах их үйлсэд оруулсан үнэтэй, нөр их үйлсийг нь ийн төр засаг өндрөөр үнэлсэн байна. 



Холбоотой мэдээ