Улсын аварга шалгаруулах гольфийн тэмцээн үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-07-07 09:09:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын аварга шалгаруулах сонирхогчийн гольфийн тэмцээний нээлт мягмар гарагт болж, нээлтийн ёслолд МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч О.Одбаяр оролцов.


Энэ үеэр гольфийн спортыг Монголд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг шагнаж урамшуулав. Тухайлбал, MCS группийн ерөнхийлөгч Ж.Оджаргалыг МҮОХ-ны дээд шагнал “Олимпын алдар” одонгоор, дасгалжуулагч Г.Мэндсайханыг “Олимпын алтан медаль”-иар шагнасныг МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч О.Одбаяр гардуулан өгөв.


18 дахь удаагийн гольфийн УАШТ-д эмэгтэй 40, эрэгтэй 100 гаруй тамирчин тус тэмцээний эхний дөрвөн өдөр өрсөлдөж медальтнаа тодруулсан. Эмэгтэйчүүдийн тэмцээнд улсын хошой аварга М.Намуунаа 327 оноогоор түрүүлсэн бол улсын дөрвөн удаагийн аварга Б.Батнаран 358 оноогоор мөнгөн медалий эзэн болж, Г.Алтанбилэг 363 оноогоор хүрэл медаль хүртэв.


Эрчүүдийн тэмцээн лхагва гарагаас эхэлж байгаа бөгөөд мөн дөрвөн өдөр үргэлжилж, дүнгээ гаргана.


Монголын гольфийн холбооны хувьд энэ жил тамирчдын чансааг тооцож байгаа гэдгээрээ онцлогтой. Энэ оны 5 дугаар сараас хойш чансаа тогтоох 9 тэмцээн зохион байгуулсан бөгөөд оны эцэс гэхэд 21 тэмцээнээр чансаа гаргахаар төлөвлөжээ. Улмаар чансааны эхний байрт орсон тамирчид улсаа төлөөлөн олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болох юм.




Холбоотой мэдээ