Борис Жонсон ээлжит дуулианд холбогдсон хэдий ч огцрох бодолгүй байна

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-07-07 09:35:06

МОСКВА. /interfax/. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон ээлжит дуулианд холбогдсон хэдий ч албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ лхагва гарагт мэдэгдлээ. 


Тэрбээр парламентдаа үг хэлэхдээ, "Ерөнхий сайдын үүрэг бол чиг үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх явдал юм. Би үүнийг л хийх болно" гэж мэдэгдсэн байна. Их Британи дотооддоо төдийгүй олон улсын тавцанд ноцтой асуудлуудтай тулгараад байгаа бөгөөд чухам эдгээр асуудлыг шийдэхэд гол анхаарлаа хандуулахыг зорьж байгаагаа Б.Жонсон онцлон тэмдэглэжээ.


Мягмар гарагт түүний Засгийн газрын 30 гаруй гишүүн огцорсны дараа тэрбээр ийнхүү мэдэгджээ. Тухайлбал, түүний ойрын хамтран зүтгэгчид болох Их Британийн Эрүүл мэндийн сайд Сажид Жавид, Сангийн сайд Риши Сунак нар албан тушаалаасаа огцорсон байна. 


Тэд Жонсоны хамтрагчдын нэгийг тойрсон дуулиан шуугиантай холбогдуулан ийм алхам хийжээ. Тодруулбал, Консерватив намын парламент дахь бүлгийн зохион байгуулагч асан Крис Пинчерийг 2019 онд бэлгийн дарамтын хэрэгт холбогдуулан шалгаж байсан талаар огт мэдээгүй гэх Жонсоны мэдэгдэлтэй холбоотой байна. Ерөнхий сайд үүнийг мэдэж байсан ч тухайн үед Пинчерийг энэ албан тушаалд томилсон нь мягмар гарагт тодорхой болжээ. 


Пинчер өнгөрсөн долоо хоногт хоёр эрэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгагдаж, улмаар албан тушаалаасаа огцорчээ. Энэ нь Пинчерийг ийм зүйлд буруутгаж байгаа анхны тохиолдол биш бөгөөд 2019 онд шалгагдаж байсан хэдий ч Жонсон түүнийг 2022 оны хоёрдугаар сард парламентын зохион байгуулагчийн албан тушаалд томилсон байна. 

Холбоотой мэдээ