ГОВЬ-АЛТАЙ: “Монгол гэрийн халаалт дулаалга, агаар сэлгэлтийн ЧИП багц”-ыг иргэдэд танилцуулав

ОРОН НУТАГТ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-07-06 13:53:57

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Монгол гэрийн халаалт дулаалга, агаар сэлгэлтийн CHIP/ЧИП багц”-ыг танилцуулах сургалтад Есөнбулаг сумын 400 гаруй иргэн хамрагджээ.

Говь-Алтай аймгийн ЗДТГ, Есөнбулаг сумын ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Монгол гэрийн халаалт дулаалга, агаар сэлгэлтийн CHIP/ЧИП багц”-ыг 70 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах, ашиглалтын талаарх танилцуулга сургалтыг өнгөрөгч өдрүүдэд зохион байуулсан юм. Танилцуулга сургалтад Есөнбулаг сумын 10 багийн иргэдийн дунд зохион байгуулж 400 гаруй иргэн хамрагдсан тухай Есөнбулаг сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийн хүрээнд ШУТИС-тай хамтран гэрт амьдардаг айл өрхүүдэд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй монгол гэрийн халаалт, дулаалгын ЧИП/CHIP багцыг зохион бүтээж, 2019 оны өвлөөс эхлэн Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймгийн төв, нийслэл Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт нэвтрүүлсэн байна. ЧИП багц нь өрх бүрт дулаан, тав тухай орчныг бүрдүүлж, хүүхэд бүрт эрүүл, боловсон, хог, тоосжилт, тортог багатай, тав тухай орчинд амьдрах боломжийг олгож байгаа билээ. Уг төсөл нь Говь-Алтай аймагт 2020 оны наймдугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд аймгийн Засаг даргын захирамжаар Удирдлагын баг, Хэрэгжүүлэгч баг, Чанарын хяналтын баг байгуулан, Удирдлагын баг нь төслийн менежментийг, Хэрэгжүүлэгч баг нь хэрэгжилтийг, Чанарын хяналтын баг нь бүтээгдэхүүний чанар, стандартад хяналт тавин ажиллаж байгаа аж. 

“Монгол гэрийн халаалт, дулаалга агаар сэлгэлтийн багц буюу ЧИП төсөл”-д Говь-Алтай аймгаас 2020 онд 50, 2021 онд 97 өрх хамрагдсан бол энэ онд 800-аас доошгүй өрхийг хамруулах зорилго тавьсан байна. Иймд уг төсөлд хамрагдахыг хүсвэл багийн Засаг дарга, Нийгмийн ажилтанд өргөдлөө өгөхийг Есөнбулаг сумын ЗДТГ-аас танилцууллаа. Төсөлд хамрагдсанаар “Халаалт, дулаалга, агааржуулалтаа шийдсэн цэвэр тухтай монгол гэр”-т амьдрах боломжтой юм.

-Гал түлэхгүй, өглөө гэр дулаахан

-Түлээ нүүрс мод бэлдэхгүй, үнс тортогтой холилдохгүй 

-Өдөр бүр таны цагийг хэмнэх ЧИП багц танд монгол гэрийн халаалт, дулаалгын хамгийн ухаалаг шийдэл гэдгээрээ онцлогтой.

Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн Ногоон хөгжлийн бодлогод Орчны бохирдлыг бууруулах зорилгоор байгальд ээлтэй хэмнэлттэй, дэвшилтэт технологи буюу төв суурин газрын гэр хорооллын айл өрхүүдэд “Эрчим хүчний хэмнэлттэй монгол гэрийн дулаалга” шийдлийг нэвтрүүлэхээр тусгасан байна.


Холбоотой мэдээ