Итгэмжлэлийн үнэлгээний ажилтнууд, шинжээчид сургалтад хамрагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2022-07-05 17:05:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “ISO/IEC 17065:2012 Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээг баталгаажуулах байгууллагад тавих шаардлага” сэдэвт сургалт эхэллээ.

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-ны дэргэд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилтээр Экспортыг дэмжих төсөл хэрэгжиж байна. Уг төслийн Агро бизнесийн салбарын жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн экспортын чадавхийг бэхжүүлж, бараа бүтээгдэхүүний экспортын зах зээлийг тэлэхэд баталгаажуулалтын үйлчилгээг сайжруулах зорилготой хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын Баталгаажуулалтын үйлчилгээ, чанарын удирдлагыг сайжруулах 3 дугаар бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэх саналыг НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага /ЮНИДО/-д тавьсны дагуу холбогдох техникийн туслалцаа үзүүлэн ажиллаж байна.

 

Төслийг хэрэгжүүлэгч байгууллагууд Монгол Улсын Үндэсний итгэмжлэлийн төвтэй хамтран “ISO/IEC 17065:2012 Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээг баталгаажуулах байгууллагад тавих ерөнхий шаардлага” сэдвээр олон улсын сургалтыг тохирлын үнэлгээний байгууллагууд, итгэмжлэлийн үнэлгээний ажилтнууд, шинжээчдэд энэ сарын 5-7-нд зохион байгуулж байна.


ISO/IEC 17065 стандартын сургалт нь бүтээгдэхүүн, үйл явц, үйлчилгээний баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлагуудын талаар мэдлэг олж авахад нь дэмжлэг үзүүлэх, ISO/IEC 17065 стандартад тодорхойлсон бүтээгдэхүүн, үйл явц, үйлчилгээний баталгаажуулалттай холбоотой тохирлын үнэлгээний үзэл баримтлалыг танилцуулах зорилготой.


Оролцогчид сургалтын үеэр ISO/IEC 17065 стандартын бүх заалтуудтай танилцахын зэрэгцээ дасгал ажлаар дамжуулан стандартын талаар бодит ойлголттой болно.

 

Сургалтыг ЮНИДО-ын Итгэмжлэлийн ахлах эксперт, ISO 17025, 15189, 17020, 17021, 17024, 17065, 17043 стандартын ахлах шинжээч ноён Мухамед Саад удирдаж байна. Тэрбээр Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын /ILAC/ Итгэмжлэлийн хороо, Хяналтын хороо болон Олон улсын итгэмжлэлийн форум /IAF/-ын Техникийн хорооны гишүүн бөгөөд Арабын итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын ISO 17011 стандартын ижил түвшний үнэлгээний мэргэжилтэн юм. 

Холбоотой мэдээ