СЭЛЭНГЭ: “Дугуйтай Сэлэнгэ” клубийн тамирчид олон улсын тэмцээнээс амжилт дүүрэн иржээ

ОРОН НУТАГТ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-07-04 16:37:25

Сэлэнгэ /МОНЦАМЭ/ ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын нутаг дахь Байгал далайн эрэг дагуу зохион байгуулсан “Байкальский веломарафон-2022” Олон улсын ХV тэмцээнд Сэлэнгэ аймгийн дугуйн спортын “Дугуйтай Сэлэнгэ” клубийн тамирчид амжилт дүүрэн оролцоод иржээ.  

Энэхүү Олон улсын спортын баяр наадамд Монголын тамирчид анх удаа оролцсон байна. Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Дугуйтай Сэлэнгэ” клубээс 15 тамирчин хурд хүчээ сорин өрсөлдөж, 40 км-ийн зайд уралдсан аж. Монголын тамирчид уг тэмцээнээс 4 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ. Энэ удаагийн тэмцээнд 200 гаруй дугуйчин оролцсон байна. Урд жилүүдэд Канад, Америк, Щвед, БНХАУ-ын тамирчид оролцдог байсан бол энэ удаа ковидын нөхцөл байдлын улмаас оролцож амжаагүй аж. Харин энэ жилийн хувьд ОХУ-ын Эрхүү, Чита, Красноярск хотуудаас болон Бүгд Найрамдах Буриад, Монгол Улсын тамирчид оролцжээ. Энэхүү тэмцээнд оролцох баг тамирчдаа Сэлэнгэ аймгийн удирдлагууд дэмжиж, амжилт хүсэн мордуулсан байна. Энэхүү амжилт бол бидний эхний гараа цаашид улам их амжилт гаргаж, улс, аймгийнхаа нэрийг дэлхийд гаргах болно. Дугуйн спорт улам хөгжиж, бидний гадаад хамтын ажиллагаа улам бэхжих болтугай хэмээн тус клубийн ахлагч М.Нямлхагва хэлэв.

Тус тэмцээнээс медаль хүртсэн Монголын тамирчдыг дурдвал +36 насны ангилалд эмэгтэйчүүдээс Л.Алтансувд мөнгөн медаль, М.Нямлхагва хүрэл медаль хүртсэн бол “Хоёр Загал клубийн дугуйчин, спортын мастер П.Цэцэгмаа 4-р байрт шалгарчээ. Харин +36 насны ангилалд эрэгтэйчүүдээс Б.Отгонбаяр алтан медаль хүртсэн байна. Мөн тус клубт нэг баг болон оролцсон Бүгд Найрамдах Буриад улсын Хиагтын районы тамирчин Денис хүрэл медаль хүртжээ.

Мөн тэмцээний 19-35 насны ангилалд эмэгтэйчүүдээс Б.Хишигжаргал мөнгөн медаль, +50 насны ангилалд эрэгтэйчүүдээс 100 км зайн уралдаанд “Хоёр Загал клубын дугуйчин н.Туваанбат 5-р байрт, 17-18 насны ангилалд эрэгтэйчүүдээс Л.Энхчулуун мөнгөн медаль, 15-16 насны ангилалд С.Тэнгис хүрэл, 12-13 насны 15 км зайд Б.Бат-Ирмүүн алтан медаль тус тус хүртжээ. Эмэгтэйчүүдээс 14-15 насны ангилалд Б.Номинжин мөнгө, Т.Биндэръяа хүрэл медаль, 12-13 насны 15 км зайд О.Цэнгүүн алтан медаль, 5-7 насанд 1 км зайн уралдаанд А.Одончимэг алтан медаль хүртжээ. 


Холбоотой мэдээ