Оросын пуужин худалдааны төв дээр унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-06-28 10:16:59

КИЕВ. /France24/. Украины төвийн нутгийн Кременчук хотын хүн ихтэй худалдааны төв даваа гарагт Оросын пуужингийн цохилтод өртсөн талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдээлжээ.


Түүний “Telegram” хуудсандаа бичсэнээр, худалдааны төвд тухайн үед 1000 гаруй хүн байжээ. Тэрбээр амиа алдсан хүмүүсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч “хохирогсдын тоог төсөөлөх ч аргагүй” байгааг хэлсэн байна.


Үүнээс хэдхэн минутын дараа В.Зеленскийн Тамгын газрын орлогч дарга Кирилл Тимошенко “Telegram” хуудсандаа, 20 орчим хүн шархадсанаас есийнх нь биеийн байдал хүнд байгааг мэдээлжээ. Мөн хоёр хүн амиа алдсан бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байгааг нэмж хэлсэн байна.


Украины аж үйлдвэрийн хамгийн том хотуудын нэг Кременчук нь тус улсын зүүн нутгийн фронтын шугамаас хэдэн зуун км зайд оршдог бөгөөд нэг бус удаа пуужингийн цохилтод өртөж байгаа нь энэ аж. Хожим “BBC” телевизийн мэдээлснээр, худалдааны төвд амиа алдсан хүний тоо 16-д хүрч, 59 хүн шархадсан байна. 

Холбоотой мэдээ