СЭЛЭНГЭ: Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-06-25 16:50:11

Сэлэнгэ /МОНЦАМЭ/ Ойн хөнөөлт шавжийн хэт олшролтой, ойн сангийн талбай, голын ай сав дагуу тэмцлийн ажлыг явуулж байна. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2022 оны байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар нийт 5000 га талбайд хөнөөлт шавжийн тэмцлийн ажлыг хийнэ.

Энэхүү ажлыг тус аймгийн Баруунбүрэн, Сант, Орхон, Орхонтуул, Цагааннуур сумын ойн сангийн талбай, Зүүнбүрэн, Шаамар, Орхонтуул зэрэг сумын Орхон, Ерөө голын ай савд хийх аж. Дээрх ажлын гүйцэтгэгчээр "Мөнх жаргалант ой", "Залуу төгөл", "Мөнх ногоон ой", "Мөнх ногоон жодоо", "Ньюгрийн Форест" ХХК-иуд ажиллах юм.

Хөнөөлт шавжид өрөөсгөл хүр, сибирийн хүр, якобсон, навч хуйлагч, шинэсний шилмүүс хуйлагч, моносын бүгэг зэрэг шавжууд багтдаг байна. Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Шүрэнгийн адаг, Мойлт нуга, Баян нуга, Эрээн хайлааст, Дээд, Доод хоолой, Бургасан ой зэрэг газруудад энэ сарын 17-30-ны өдөр хүртэл 13 хоногийн хугацаанд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийж эхлээд байна. Иймээс дээрх бүс нутгуудад аялал зугаалгаар явах, жимс, эмийн ургамал түүх, мал бэлчээхгүй байхыг анхаарууллаа. 

Холбоотой мэдээ