Монгол Улсын цахим арилжааг хөгжүүлэх боломж, сорилтыг тодорхойлно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-06-24 18:41:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны яам, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (UNCTAD) хамтран Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээг хийх ажлын хүрээнд үндэсний олон талт зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо энэ сарын 21-23-нд зохион байгуулав.


Төслийг  БНСУ-ын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк санхүүжүүлж байгаа юм. Үндэсний зөвлөлдөх уулзалтын үеэр манай улсад цахим худалдаа, арилжааг хөгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, боломжийн талаар оролцогч талуудыг өргөн хүрээнд ярилцав. Гадаад харилцааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Гаалийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллага, Интелминд, Мобинет, Хаан банк зэрэг хувийн хэвшлийн байгууллага, МУИС, Cити их сургууль зэрэг эрдэм шинжилгээний байгууллага, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага, НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн хороо зэрэг хөгжлийн гол түнш, НҮБ-ын Суурин зохицуулагч газар, Олон улсын цахилгаан холбооны холбоо, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцов.


Цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээг хийх аргачлалын нэг хэсэг нь төрийн болон хувийн хэвшил, хэрэглэгчдэд зориулан тусгай судалгаа хийдэг. Үнэлгээ нь манай улсад цахим арилжааг хөгжүүлэх боломж, сорилтыг тодорхойлно. Чингэхдээ цахим арилжааны нөхцөл байдал, стратеги,  харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэд бүтэц, үйлчилгээ, худалдааны ложистик ба худалдааг хөнгөвчлөх, хууль тогтоомжийн зохицуулалт, төлбөр хийх шийдэл,цахим ур чадвар, санхүүгийн хүртээмж гэсэн бодлогын асуудыг судална.


Цаашид Монгол Улсын эдийн засаг цахим шилжилтээс өгөөж, үр ашиг хүртэх, бүтээмж нэмэгдэх, эдийн засгаа төрөлжүүлэх боломжийг бий болгоно.  Цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээг нь эдийн засгийг төрөлжүүлэх явцыг эрчимжүүлэхэд Монгол Улсын өнөөгийн хөгжлийн хандлага болон хөгжлийн түншүүдийн хамтын ажиллагаа, хүчин чармайлт  чухал үүрэгтэй. Хүртээмжтэй, тогтвортой цахим худалдаа нь  улс орныг цахим шилжилтэд хөтөлдөг.

Холбоотой мэдээ