"Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нөлөөллийн аян гурван сар үргэлжилнэ.

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-06-20 18:26:47

Ховд /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нөлөөллийн аяны нээлт өнөөдөр Ховд аймагт болов.   

Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн мэдээгээр улсын хэмжээнд сүүлийн 10 жилд зам тээврийн ослын улмаас 4593 хүн амиа алдаж, 42489 хүн гэмтсэн байна.

Энэ оны эхний таван сард хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 486 бүртгэгдэж, 195 хүний амь хохирч, 1085 хүн гэмтэж бэртсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 96.8 хувиар, ослын улмаас хүний амь хохирсон тохиолдол 68.1 хувь, гэмтсэн хүн 56.9 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм. 

Түүнчлэн судалгаанаас үзэхэд, Ховд аймгийн хэмжээнд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд зам тээврийн ослын улмаас 152 хүн амиа алдсан. Үүний 6 тохиолдол нь энэ оны эхний таван сард бүртгэгджээ.  

Шалтгаан нь иргэд, жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлдэг, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх мэт олон хүчил зүйл, зөрчил дутагдалтай холбоотой.

Иймээс замын хөдөлгөөний дүрмийг дагаж мөрдөх талаар иргэдийн мэдлэг ойлголтыг сайжруулах, Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нөлөөллийн аяныг Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй.   

Аяны үйл ажиллагааг орон нутагтаа эрчимжүүлэх үүднээс өнөөдөр Ховд аймгийн төв талбайд нээлт хийлээ.   

Цагдаагийн байгууллагаас өмнө нь олон улсын болон улсын чанартай авто замын хөдөлгөөнд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлж, “Яараад яахав дээ”, “Дураараа биш дүрмээрээ” зэрэг нөлөөллийн аяныг өрнүүлж байсан туршлагатай.  

Энэ удаа эхлүүлсэн  “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ нөлөөллийн аян есдүгээр сарын 15-ны өдөр хүртэл буюу гурван сарын хугацаанд үргэлжилнэ.

Иргэд жолооч нар замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг мэргэжлийн байгууллагаас уриалж байна.

 

 

Холбоотой мэдээ