1850 гаруй бог мал үерт урсжээ

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2022-06-20 17:18:39
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн Зүүн цүүрийн гол гэдэг газар 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 17.00-18.00 цагийн хооронд салхины хурд 16м/с хүрч, дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер бууж айлууд үерт автсан тухай мэдээллийг Онцгой байдлын газраас өгөв.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын ажлын баг болон сумын Засаг дарга, Тамгын газрын дарга нараар ахлуулсан мэргэжлийн анги, орон нутгийн нийт 85 иргэнийг дайчлан, 11 техник хэрэгсэлтэйгээр гол дагуу урссан малын сэг зэмийг цуглуулж, нүх бэлтгэн булж устган, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг журмын дагуу зохион байгуулжээ.
Үерийн аюулт үзэгдлийн улмаас 16 өрх аюулд өртөж, 2 гэр нурж, 1850 гаруй бог мал үерт урссан байна.
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллийн дагуу ойрын өдрүүдэд аадар бороо үргэлжлэн орох тул ард иргэдийг мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэн үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
Байгалийн гамшигт үзэгдэлд хорогдсон малын сэг зэмийг тус сумын ЗДТГ-аас сумын бусад байгууллага, иргэд, том оврын техник хэрэгсэлтэй жолооч нартай хамтран хоёр өдөр цэвэрлэж дуусчээ.