С.Мөнхзул: Ингэний сүүтэй савангаа өөрийн нэрийн бүтээгдэхүүн болгохоор зорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-06-10 11:48:44

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын иргэн С.Мөнхзул АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “BEST” хөтөлбөрт хамрагдаж орон нутгийн онцлогийг харуулсан эко саван үйлдвэрлэх төслөөр гарааны бизнесийн 10 сая төгрөгийн дэмжлэг авчээ. Түүнтэй бизнесийнх нь талаар цөөн хором хөөрөлдлөө. 


-"Эко" саван үйлдвэрлэх санаагаа хэрхэн олсон бэ?

-Өнгөрсөн оны 11 дүгээр сард АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “BEST” хөтөлбөрт хамрагдаж эко саван үйлдвэрлэх төслөө илгээсэн. Ингэснээр төсөл маань батлагдаж малын өөхөн тос, хонины сүүлний тос, ургамлын тос, оливын тос, усан үзмийн үрийн тос, наранцэцэгийн тос, далдуу модны тос зэрэг хүний биед эерэг нөлөө үзүүлэхүйц түүхий эдээр олон нэр төрлийн саван үйлдвэрлэж хэрэглэгчдийн хэрэгцээнд нийлүүлж байна.

Тухайлбал, аяга, таваг угаадаг саван, эдийн саван, ингэний сүүтэй саван, гарын биеийн саван, гоо сайхны саван, сүүлний тостой хүүхдийн саван, угаалгын нунтаг үйлдвэрлэж орон нутгийн дэлгүүрээр болон өөрийн нэрийн “Гоо гоо” дэлгүүрээр худалдаалж байгаа.

-Бүтээгдэхүүнээ “Эко” саван хэмээн онцолсон. Энэ талаар дэлгэрүүлж таницуулах уу?

-Манай бүтээгдэхүүн ямар нэгэн химийн өнгө будаг, хөөсрүүлэлт ороогүй төдийгүй цэвэр малын болон ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр үйлдвэрлэсэн гэдгээрээ онцлог.

Мөн нэмэлтээр чацарганы зуун хувийн тос, үрийн тос, идэвхжүүлсэн хар нүүрс, хулсны нүүрсийг ч бүтээгдэхүүндээ хэрэглэдэг. Мөн ингэний сүүтэй савангаа өөрийн нэрийн бүтээгдэхүүн болгохоор ажиллаж байна. Ингэний сүү амин дэм ихтэйгээс гадна, арьсыг зөөлөн болгох, биеийн ядаргааг илааршуулах ид шидтэй.

Би эл бизнесээ нөхөртэйгөө хамт хийдэг. Цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх, шинэ ажлын байр буй болгох дүүрэн хүсэл мөрөөдөлтэй. Өөрөөр хэлбэл Дорноговийн нэгэн шинэ брэнд бүтээгдэхүүн бий болгохын төлөө ажиллаж байна.

“Эко” саван худалдаж авахыг хүсвэл Сайншанд сумын “Шинэ зуун" худалдааны төвийн B1 давхарын "Эко дэлгүүр", Сайншанд сумын Номин худалдааны төвийн "Хатангоо" үсчин, Сайншанд сумын төмөр замын хуучин гуравдугаар сургуулийн урд хоёр давхар байрны "Гоо гоо" дэлгүүрт очиж үйлчлүүлэхээс гадна 88031998, 96961998 дугаарт холбогдон захиалж болно.

-Хэрэглэгчид бүтээгдэхүүний үнийг сонирхож магад?

-Аяга, таваг угаадаг саван 2000, эдийн саван 1500, ингэний сүүтэй саван 5000, гарын биеийн саван 4500, гоо сайхны саван 7500, сүүлний тостой хүүхдийн саван 5000, угаалгын нунтаг 200 гр нь 3000 төгрөгийн үнэтэй. Үүнээс гадна би хонины ноосоор хүүхдийн бойтог, сувинер зэрэг гар урлал хийдэг.

 

 

 

Холбоотой мэдээ