Баянхонгор хотод хийж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-06-09 15:33:24

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн бүсийг цөлжилт, элсний нүүдлээс хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ажилд орон нутаг, ард иргэд, төрийн албан хаагчдыг татан оролцуулж байна. Ингэхдээ Шинэ суурьшлын бүсэд 10,000, Эрдэнэмандал хайрхны өвөрт, нөхөн тариалалт, зам дагасан ногоон байгууламжийг тэлсэн тариалалт, хөрс, орчны нөхцөлд зохицсон ургах чадамжтай долоон төрлийн 19,000 суулгацыг тариалаад байгаа аж. Шаардлагатай цэгүүдэд худаг уст цэгүүд, услалтын систем байгуулан, усалгаажуулж, хамгаалах ажлыг зохион байгуулж байна.

Энэ талаар болон хотын өнгө үзэмжийг сайжруулах чиглэлээр хийж буй ажлуудаа Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Г.Энхбаяр хэвлэл мэдээллийнхэнд танилцууллаа.

Аймгийн төвийн бүсийг тохижуулах, хайрга чулуу бүхий халцгай газруудын үзэмжийг эрс өөрчлөх зорилгоор хотын захиргааны урд талбайгаас Хонгор хотхоны уулзвар, Гурван бүсийн цогцолборын урд, төв захын зам дагуу зэргээр нийт 3000 мкв явган хүний зам тавьсан бол шаардлагатай зарим газарт мөн хэмжээний эко хавтанг суурилуулаад байгаа юм байна. Эко хавтан нь ус чийгийг сайтар шингээдэг гэдгээрээ борооны улиралд тогтоол үүсэх, усанд автах зэрэг эрсдэл гаргадаггүй давуу талтай бөгөөд Баянхонгор аймагт явган замыг хослуулан тавьж байгаа. Цаашдаа явган замын хавтанг 3520 мкв талбай, эко хавтанг 30,0 мкв талбайд, 6000 гаруй замын хашлага хийхээр төлөвлөгөөт ажлууд үргэлжлэх юм байна.

Салхи сэвэлзэхээр л шороо босдог, хайрга чулуу бүхий энхэл донхол зам талбайгаа өөрчлөх санал санаачилгаа ажил хэрэг болгож  хотын өнгө үзэмжээ эрс өөрчлөх ажлуудыг аймгийн удирдлагууд хамтран эхлүүлсэн. Уг ажилд орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчид идэвхтэй оролцож явган замын хавтан, эко хавтан, хашлага, блок үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ орон нутагт нийлүүлж байна. Тус нийлүүлсэн бүтээгдэхүүнээр тохижилтын ажил хариуцсан есөн бригадын 89 хүн зам талбайн  бүтээлч ажлуудыг өрнүүлж байна. 

Мөн хотын захиргаанаас иргэдийн амьдрах бүсэд үйлдвэрлэл эрхлүүлэхгүй байхаар шийдвэрлэж үйлдвэрийн раойны  бүсийг байгуулж эхлээд байна. Уг бүсэд өнөөдрийн байдлаар 100 гаруй үйлдвэрлэгч нар үйл ажиллагаа явуулах саналаа ирүүлээд байгаа аж.

Нийтийг хамарсан хөдөлмөр эрхлэлтийн үр дүнг нэмэгдүүлэх, халамжийг хөдөлмөрт шилжүүлэх, хот тохижилт, ногоон байгууламж, хүнс, ногооны тариалалтыг дагуулан нийт аймгийнхаа ХХҮГ-тай хамтран 723 хүнийг ажлын байраар хангаж цалин урамшууллыг олгож эхэлжээ. Нэг хүнийг 10 хоног ажиллуулахдаа 320,000 төгрөг олгохоор хөдөлмөр эрхлэгчидтэй гэрээлжээ.

Мөн үеэр Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Г.Энхбаяр, "Нийтийг хамарсан ажил, ногоон ажлын байрны хүрээнд Баянхонгор сумын хэмжээнд хийж буй энэ мэт олон бүтээлч ажилд сумын Тамгын газраас тогтмол хяналтыг тавьж, гүйцэтгэлийг чанартай байх тал дээр анхаарч ажиллаж байна" гэлээ.

Холбоотой мэдээ