Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Налуу-Ухаа төслийг хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-25 10:54:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газраас төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр “Туушин” ХХК, Налуу-Ухаа дагуул хотын зураг, төсөл, хот төлөвлөлтийг гүйцэтгэх Бүгд Найрамдах Франц улсын “SATHY” компанийн удирдлагуудтай 3 талт уулзалт хийж, хамтран ажиллахаар боллоо.


Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан “Дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулахад төр, хувийн хэвшлийн түншлэлийг чухалчилж байгаа. Хувийн хэвшлийнхэн төсөлд оролцож, хамтран ажиллах тохиолдолд татвар,  татварын бус дэмжлэг үзүүлэх боломжийг судална” хэмээв.


“Туушин” ХХК-ийн ерөнхий захирал Н.Зоригт дагуул хот, эдийн засгийн тусгай бүсүүдийг байгуулахад хувийн хэвшлийн оролцоо, дэмжлэг чухлыг онцлоод, суурь дэд бүтцийн хувьд оновчтой Налуу-Ухаа төсөлд хамтрах боломжтой гэлээ. Тэрбээр олон жилийн туршлагадаа үндэслэн тээвэр, логистикийн төслүүдэд, тухайлбал, Налуу-Ухаа төслийн санхүүжилтэд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.


Налуу-Ухаа төслийн хот төлөвлөлт, зураг төслийг хийх “SATHY” компанийн төсөл хариуцсан захирал Шанто Павин компанийнхаа туршлага, ажиллаж байсан олон улсын төслүүдийн талаар танилцуулж, мэдээлэл өглөө. Энэ төсөлд ажиллахдаа төрөөс баримталж буй бодлого, чиглэлийг анхаарч, төр, хувийн хэвшил, иргэдээс өгөх санал зөвлөмжийг тусгахаа онцоллоо.


Уулзалтад Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан, “Туушин” ХХК-ийн ерөнхий захирал Н.Зоригт, дэд захирал Ж.Монголжингоо, “SATHY” компанийн төсөл хариуцсан захирал Шанто Павин, Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Ц.Самдан оролцсон аж.

Холбоотой мэдээ