Саальчин эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганд 400 төлөөлөгч оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-05-25 10:25:46
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Мандалговь хотноо 15 сумын 400 гаруй саальчин эмэгтэй хуран цуглаж, анхдугаар чуулганаа хийн, Дундговь аймгийн сүү, сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, орон нутгийнхаа зах зээлд нийлүүлдэг болох асуудлаар хэлэлцэн "Уриалга" гаргалаа.

5 дугаар сарын 24-нд зохион байгуулсан “Саальчин эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган”-ыг МЭХ-ны аймгийн салбар, аймгийн ЗДТГ, ХХҮГ, ХХААГ, ТХДЖТ хамтран зохион байгуулж, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг,  Б.Саранчимэг, аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат, ХХААГ-ын дарга Б.Мөнхжаргал, ХХҮГ-ын дарга Хишигдаваа нар урилгаар оролцлоо.

Төлөөлөгчдийн дунд “Улсын аварга саальчин”-3, “Улсын аварга малчин” 23, “Аймгийн аварга малчин” 56, “Алтан төлийн эзэн” 26 байсан бөгөөд хамгийн өндөр настан 91 настай Сайнцагаан сумын малчин Бүтэдийн Долгор, хамгийн залуу төлөөлөгч 28 настай Өлзийт сумын малчин Батжаргалын Норжинсүрэн нар байлаа.   

Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат нар төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлж, аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны дарга Ж.Өлзийжаргал “Дундговийн сүү, цагаан идээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хэрэгцээ” илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

Мөн энэ үеэр аймгийн МХГ-ын байцаагч Н.Болормаа  “Сүү, сүүн бүтээгдэхүүний сав баглаа боодол”, аймгийн ХОХБТХ-ийн мэргэжилтэн Б.Энхтуяа  “Дундговь аймгийн сааль сүүний хангамж, үнэ цэнийг нэмэгдүүлэх нь” сэдвээр мэдээлэл хийлээ.

Чуулганы төлөөлөгчид өнөөгийн малчдыг аргалаа түүж, гал дээр тогоогоо тавьж идээгээ боловсруулах нь ховордсон, хонио бараг саадаггүй, хангайгаас ирсэн бэлэн цагаан идээ худалдан авах хандлага нэмэгдсэн, зориулалтын бус саванд сүү, цагаан идээгээ хадгалж, боловсруулдаг, залхуурах хандлагатай болсныг шүүмжилж, цаашид сүү цагаан идээ боловсруулах, үйлдвэрлэх, орон нутгийнхаа зах зээлд нийлүүлэх, хоршиж хамтарч ажиллах, монгол мал маллагааны ёс, өв уламжлалаа хадгалан өвлүүлэх, түүгээрээ жуулчдыг татах зэрэг олон санал дэвшүүлж уриалга гаргажээ. 

Чуулганд ирсэн төлөөлгчдөд Төв халхын дуулалт жүжгийн театр концертоо толилуулсан нь саальчин бүсгүйчүүдийн сэтгэлийг ихээхэн хөдөлгөсөн төдийгүй оройн цэнгүүний үеэр Аянга хамтлаг уран бүтээлээ өргөн барьж, ирсэн төлөөлөгчдийн дунд азын сугалаа явуулж, "Лантуун дохио" ТББ “Ид шидийн орон” төслөө танилцуулжээ. Тус чуулганы төлөөлөгч саальчин эмэгтэйчүүд “Ид шидийн орон төсөлд” 100 хонь, 1 тэмээ, 1 ямаа хандивлаж, ирээдүй хойч үеийн багачуудынхаа хөгжилд хөрөнгө оруулалт хийлээ.

Сайнцагаан сумын малчин 73 настай С.Бямбаа тус чуулганд 91 настай хүйн ээж Б.Долгортой хамт оролцож, сэтгэгдлээ хуваалцсан төдийгүй, хүйн ээждээ сэтгэлийн бэлгээ өргөн барьсан юм. Өндөр настан Б.Долгор 18 насандаа анх удаа хүүхэд эх барьж авсан нь өдгөө ахмад настан С.Бямбаа ажээ.

Чуулганы үйл ажиллагааг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, "Эрдэнэс силвер ресурс" ХХК, Номгон рашаан, “Хайрхан”, "Буянт-Өртөө" ХХК, аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо болон махны худалдаа эрхлэгч эмэгтэйчүүд  ивээн тэтгэж, дэмжлэг үзүүлсэн байна. 


Холбоотой мэдээ