Төсвийн байгууллагууд үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг худалдан авдаг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-08-04 19:42:29

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Хүнс хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нар өнөөдөр Төрийн ордонд хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагын төлөөлөлүүдийг хүлээн авч уулзлаа.

Салбарын төлөөлөгчид  тулгамдаж буй асуудал цаашдын шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо хуваалцсан юм. Төр засгаас мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, үйлдвэрлэгчдийг эдийн засгийн чиглэлд дэмжлэг үзүүлэх, хамтарч ажиллах шаардлагатайг онцолж байв. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын ээлжит хуралдаанаар төр,төсвийн байгууллагууд дотооддоо үйлдвэрлэдэг бараа, бүтээгдэхүүнийг гадаадын улс орноос худалдан авахгүй байх чиглэл өгснийг энэ үеэр тодотголоо. Тэрээр Хөдөө аж ахуйн салбарынхантай нэг удаа  уулзалт хийгээд өнгөрөх биш цаашид салбар, салбараар нь хүлээн авч уулзана хэлсэн юм.

Мөн үеэр Монголын махны холбооны удирдлагуудын зүгээс мэргэжлийн холбоодод итгэл үзүүлж төрийн зарим ажил үүргийг гүйцэтгүүлэх талаар Засгийн газар анхаарч ажиллах шаардлагатай байгаа.  Махны салбарын экспортыг нэмэгдүүлэх тухай тогтмол ярьдаг ч бодит байдалд ажил хэрэг болох нь тааруухан байгааг шүүмжилсэн юм. Тиймээс махны экспортыг уул уурхайгаас дутуугүй дэмжиж ажиллахыг сануулав. Үүний тулд малын эрүүл мэндийн тухай хуулийг яаралтай батлуулах шаардлагатай байгааг тус холбооны дэд ерөнхийлөгч М.Төмөрбаатар онцоллоо. ОХУ, БНХАУ-тай мах экспортох чиглэлээр хамтарч ажиллахад хамгийн түрүүнд малын махны чанар, эрүүл, аюулгүй байдлын асуудал хөндөгддөг гэдгийг онцлон уг хуулийг яаралтай УИХ-д оруулж өгөхийг хүслээ.

Харин ойн  салбарынхан нэгдсэн бодлого дутмаг байгааг онцолсон. Өмнө нь Ойн газар гэж байсан ч татан буугдсан. Үүнээс хойш тус салбарынхан Засгийн газар солигдох бүрт өөр өөр төрийн байгууллагад харъяалагдаж ирснийг хэлж байв. Түүнчлэн хариуцлагагүй уул уурхайн уршгаар ой мод устах аюул ойрхон байгааг энэ үеэр санууллаа.  Төр засгийн зүгээс ойн менежментийн урт хугацааны бодлого хэрэгжүүлж, мэргэжлийн холбоодтойгоо уялдаа холбоотой ажиллахыг хүссэн.

Өнгөрсөн хугацаанд салбарууд хоорондоо уялдаатай ажилласны  үр дүнд ноосон эдлэлээр дулаалгын материал хийж, Япон Улсад экспортод гаргасан хэмээн барилгын салбарынхан уулзалтын үеэр тодотголоо. Ой мод, хуванцрын хаягдлаар шинэ төрлийн бүтээгдэхүүн хийхээр туршилт өрнөж буйг тэд хэлсэн юм.

Н.Туяа

Холбоотой мэдээ