Рио-2016: Бамбар буухиалагчид чиглэлээ өөрчлөхөөс өөр аргагүйд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-04 09:29:45

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /NHK/. Бразилын Рио-де-Жанейро хотоос холгүй орших хотод “Рио-2016” Олимпын наадмыг эсэргүүцэн хэдэн зуун хүн жагссаны улмаас Олимпын бамбарыг буухиалагчид чиглэлээ өөрчлөхөөс өөр аргагүй болжээ.

200 гаруй хүн, тэдний дотор багш нар мягмар гарагт Нитерой хотод жагсаал хийсэн байна.

Төсвийн мөнгийг Олимп зохион байгуулахад зарцуулан төрийн албан хаагчдын цалинг цаг хугацаанд нь тавихгүй байна гэж тэд үзэн, бухимдаж байна.

Жагсагчдыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий цацаж, хоёр эсэргүүцэгчийг баривчилжээ.

Аюулгүй байдлын үүднээс анх төлөвлөж байснаасаа 1 км-ийн зайтай газраар бамбар буухиалагчид явсан байна.

Эсэргүүцлийн жагсаалын улмаас бамбар буухиалагчид хоёр дахь удаагаа чиглэлээ өөрчилсөн нь энэ юм. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт мөн ийм явдал болсон билээ.

Олимпын наадмын үеэр эсэргүүцлийн жагсаал болох магадлалтай байгаатай холбоотойгоор аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байна.

Саяхан явуулсан санал асуулгад оролцогч бразилчуудын 60 орчим хувь нь “Олимпын наадам манай улсад сөргөөр нөлөөлж байна” гэж хариулжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ