Цэрэг, спортын "Дөл-2022" цогцолбор тэмцээнд 5-р сургууль тэргүүлэв

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2022-05-16 14:39:44

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг даргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах цэрэг, спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээн энэ амралтын өдрүүдэд боллоо. Тэмцээнд аймгийн төвийн болон сумдын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдаас бүрдсэн 11 багийн 143 тамирчин сурагч оролцсон.

БНМАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа, генерал Ж.Ёндонгийн санаачилгаар 1984 оноос эхлэн "Дөл" тэмцээнийг зохион байгуулж  ирсэн түүхтэй.

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгож, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх, монгол цэргийн залгамж халааг бэлтгэхэд энэхүү тэмцээний зорилго оршдог.

Тэмцээнийг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, БШУ газар хамтран зохион байгуулав. Тэмцээн жагсаалын үзүүлэх тоглолт, тасгийн захирагчийн тэмцээн, эсээ бичлэгийн уралдаан, урлагийн зохиомжит тоглолт, марш гүйлтийн тэмцээн гэсэн 5 төрлөөр боллоо. Тэмцээнд багийн дүнгээр 1-р байрт 5-р сургууль, 2-р байрт 1-р сургууль, 3-р байрт Батцэнгэл сумын сургууль орсон юм. Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлсэн баг тамирчид ирэх наймдугаар сард улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.