21 нас хүрээгүй хүнд утаат болон электрон тамхи худалдахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-05-10 15:09:46

Архангай /МОНЦАМЭ/. Сүүлийн үед өсвөр насныхны дунд утаат болон электрон тамхины хэрэглээ нэмэгдэж буйг мэргэжлийн байгууллагууд хэлж байгаа. Өсвөр насны хэн ч захын дэлгүүр орж, электрон тамхийг худалдан авдаг болсон. Үүнийг хязгаарлах үүднээс электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдах, худалдан борлуулахыг хориглосон аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн а/322 дугаар захирамж гарлаа.

Захирамжид өсвөр насны хүүхэд, багачуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг 21 нас хүрээгүй хүнд утаат болон электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдах, 21 нас хүрээгүй хүнээр тамхи худалдуулах, ЕБС-ийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хоригложээ.

Энэхүү захирамжийг хичээлийн жилийн хугацаанд дагаж мөрдөх аж. Мөн ЕБС-ийн сурагчид, эцэг эх, асран хамгаалагчдад электрон тамхины хор уршгийн талаар мэдээлэл хүргэж, соён гэгээрүүлэх, сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулахыг БШУГ-ын болон ЭМГ-ын дарга нар үүрэг болгожээ

Холбоотой мэдээ