Суман Чулуут голын хадны сүг зураг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-05-04 17:01:05

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн түүх, соёлын есөн гайхамшгийг цувралаар хүргэж буй. Энэ удаад Суман Чулуут голын хадны сүг зургийн тухай өгүүлнэ.

Аймгийн хэмжээнд сүг зураг, бичээс бүхий газрыг тоолж бүртгэхдээ зөвхөн дурсгалт газраар нь тоолдог байна. Өөрөөр хэлбэл, дүрс, зургийг ширхэгчлэн тоолдоггүй аж. Аймгийн хэмжээнд хад, чулууны сүг зураг, дүрс, бичээс бүхий 34 дурсгалт газар байдаг. Түүний нэг нь аймгийн түүх соёлын есөн гайхамшгийн нэг Суман Чулуут голын хадны сүг зураг юм.


Тариат, Өндөр-Улаан сумын нутаг Чулуут гол болон түүний цутгал Суман голын хүрмэн, бул, үхэр чулуутын оруулга, ангалуудад эртний хүмүүсийн сийлж үлдээсэн зураг элбэг тохиолддог. Хуучин Мөрөн сумын баруунхнаар Элстийн булангийн оруулга орчим дахь хад чулуунд сийлсэн буга, аргаль, янгир, чоно, нохой, адуу мал, хүний дүрсний дотор буган хөшөөн дэх сонгодог дүрслэлээр урласан буга, тойрон бүжиглэж буй маягийн олон хүн, тэргэнд хөллөсөн адууны тойм дүрс, хэвтээ согоон дээр харайж буй бугын зураг бүхий хад ч бий.


Хамрын булангийн нэгэн хаданд дээд тэнгэрт хандсан байдалтайгаар хоёр гараа дээш өргөсөн хүний дүрслэл буй. Энэ мэт сонин зургууд Жаргалант, Цэцэрлэг сумын нутаг хүртэл үргэлжилдэг. Судлаачид эдгээр зургийг дүрслэл, зохиомж, арга барилаас нь үүдэн хүрэл зэвсгийн нэлээд түрүү үед холбогдуулдаг юм.



Холбоотой мэдээ