Төрийн үйлчилгээг цогцоор нь цахимжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-05-04 15:00:27

Баянхонгор /МОНЦАМЭ/. “И-Монгол” академи УТҮГ-ын нэвтрүүлэлт хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн Г.Буднямаар ахлуулсан  ажлын  баг “Дижитал Баянхонгор” үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр /2022.05.04/ тус аймагт ажиллаж байна. 

Баянхонгор аймгийн ИТХ, Засаг дарга, ЗДТГ-аас иргэдэд аливаа үйлчилгээг шуурхай, хялбар аргаар тэгш хүртээмжтэй хүргэх бодлогын хүрээнд төрийн үйлчилгээг цогцоор нь цахимжуулахаар “Дижитал Баянхонгор” үйл ажиллагааг хэрэгжүүлж буй. Энэ үеэр  төрийн байгууллага, албан хаагч, IT инженерүүд, иргэд олон нийт, хүүхэд багачуудын дунд мэдээллийн технологийн чиглэлээр “Эмпасофт” ХХК, “ICT” группийн мэргэжилтнүүд чиглэл тус бүрээр цогц сургалтыг явуулсан юм. 

Тэгвэл энэ удаад ажлын багийнхан 100 хүртэлх олон шатлалт төрийн үйлчилгээг цахим системд нэвтрүүлж ажиллах бөгөөд цаашид үйл ажиллагааг аймаг, сумдад хариуцан явуулах мэргэжилтнүүдийг чадавхжуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгнө.  

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Бид  иргэдэдээ тэгш хүртээмжтэй ажил үйлчилгээ, хүүхэд залуусын сонирхол хэрэгцээг нь хангасан технологи бүхий орчныг аймагтаа бүрдүүлэхээр “Дижитал Баянхонгор” үйл ажиллагаа зохион байгуулж байгаа гэдгээ хэлээд, “И-Монгол” академийн ажлын багтай орон нутгийн холбогдох газар, хариуцсан удирдлага мэргэжилтнүүдийг нягт уялдаж ажиллахыг хүслээ. 

Ажлын баг цахим нэвтрүүлэлт судалгааны ажлаа эхлүүлсний зэрэгцээ энэ сарын 5, 6-нд иргэдэд мэдээллийн технологийн ур чадвар олгох сургалтыг 10.00-15.00 цагийн хооронд ХДТ-т зохион байгуулах юм.

Холбоотой мэдээ