Хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдвэл худалдааны зардал 13 хувиар буурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-04-27 07:42:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай Засгийн газар хоорондын удирдах бүлгийн ээлжит долоодугаар хуралдаан Бангкок хотноо энэ сарын 25-26-нд болов.


Энэ удаагийн хуралдаанаар хил дамнасан цаасгүй худалдааг хөгжүүлэхэд бүс нутагт гарсан ахиц дэвшил болон Ази, Номхон далайд худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхийхэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын явцыг хэлэлцэв. Тус хуралдааны даргаар Монгол Улсаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч А.Төмөр сонгогдон ажиллав.


Манай улс энэхүү “Ази, Номхон далайд хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээр”-т хараахан нэгдээгүй байгаа хэдий ч УИХ-аар соёрхон батлуулахаар энэ сарын 14-нд өргөн бариад буй юм. Цаашид тус хэлэлцээрийн гишүүн улс болж хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлснээр цахим мэдээллийн өгөгдлөө бусад гишүүн улстай уялдуулж мэдээллээ харилцан солилцон одоогийн гарч буй худалдааны зардлаа 13 хүртэлх хувиар бууруулах боломжтой болох юм.

Холбоотой мэдээ