"Эх үрсийн өргөө" байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-04-25 16:35:30

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх өрөө байрлаж байсан суурин дээр "Эх үрсийн өргөө" байгуулахаар шав тавилаа. 

Өргөө байгуулах санаачилгыг Баянхонгор аймгийн уугуул, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аюурзана, Түүхийн ухааны доктор Ю.Болдбаатар гаргажээ. "Эх үрсийн өргөө" буюу хүндэтгэлийн төвийг олон нийтийн хандив дэмжлэгээр байгуулах бөгөөд Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяр наадмын өмнө ашиглалтад оруулах аж.

Төрсөн нутаг газар шороондоо хөрвөөн муу зүйлсээ гээж, шинэ сайн эрчим хурааж бие сэтгэлээ сэргээх монголчуудын арга ухаан эрт үеэс эхтэй. Тухайн уламжлалыг орчин үетэй нийцүүлэн түгээн дэлгэрүүлэхэд "Эх үрсийн өргөө" чухал үүрэг гүйцэтгэнэ.

Монгол гэрийн загвартайгаар, хөх тэнгэрээ тольдсон тооно бүхий эх үрсийн дуу эгшиглэсэн, илч гэрэл цацарсан гэгээн өргөө байхаар төлөвлөсөн тус төвд элсэн дээр хөрвөөх тасалгаатай, даавуу нөмрөг холбогдох зүйлсээр үйлчлэх цэгтэй байхаар төлөвлөжээ.

Гурван бүсийн нутагт, Төрөх өрөөний энэ буурин дээр эх дэлхийдээ мэндэлсэн олон эрхэм хандивын аянд нэгдэхээ илэрхийлээд байгаа аж. Дээрх үйл ажиллагааг зохион байгуулагчид хандивын данс, холбогдох мэдээллийг тун удахгүй олон нийтэд хүргэх аж..

Холбоотой мэдээ