Гэрэлтүүлгийг нэмж, шинэчлэн сайжруулах ажил өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-04-14 12:42:18

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, замын гэрэлтүүлгийг сайжруулах, гэр хорооллын гудамж, замын гэрэлтүүлгийг асаах,  гэрэлтүүлэггүй гудамжинд шинээр гэрэлтүүлэг тавих зэрэг ажлыг бүрэн хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Эрдэнэмандал 2 дугаар багт 340 ширхэг гэрэл суурилуулахаас өнөөдрийн байдлаар 11 гудамжинд 98 ширхэг гэрлийг шонгуудад суурилуулаад байгаа аж. Тус ажлыг удирдлага зохион байгуулалтаар “Баянхонгор тохижилт үйлчилгээ” ОНӨААН хангаж байгаа бол суурилуулах ажлыг “Баянхонгор эрчим хүч” ЦТК хариуцан гүйцэтгэнэ.

Цаашид аймгийн ИТХ-аас хэлэлцэж баталснаар Дуурсах баг, Цахир багийн айл өрхийн амьдрах нөхцөлийг сайжруулж, гудамжны гэрэлтүүлгийг хийхээр төлөвлөжээ. Мөн Төв зам дагуу 90 ширхэг гэрэлтүүлгийг шинэчилж, А бүсэд байрладаг орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагуудын барилгын дээр туузан гэрэл хийх юм. 

Ташрамд дуулгахад, аймаг орон нутагт ашиглалтын ажил явуулж байгаа уул уурхайн  ААН нь уурхайгаа ашиглах, уурхайн дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, ажлын байрыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аймгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх хамтарсан гэрээ байгуулдаг. Энэ хүрээнд 2021 онд төвлөрсөн орлогын 440 сая төгрөгөөр гудамж, талбайн гэрэлтүүлгийг ийнхүү  нэмж, шинэчлэн сайжруулж байна. Түүнчлэн Баянхонгор сумын Орон нутаг хөгжүүлэх сангаас гэрэлтүүлэг хийхэд зориулж  150 сая төгрөгийг  төсөвлөжээ.

Холбоотой мэдээ