“Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян-2022" эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-04-12 11:30:51

Дорноговь /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян-2022” үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 11-нд эхэллээ. Ажлын байр, ажилд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг танилцуулах томоохон үйл ажиллагааг хамтатган зохион байгуулж буйгаараа онцлог болж байна.

Тус аянд 14 сумын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн дарга оролцож, уул уурхайн аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, ажилтан мэргэжилтнүүд сул чөлөөтэй ажлын байрны танилцуулгыг иргэдэд танилцуулжээ.

Мөн аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар /ХХҮГ/-н дарга Д.Цэндмаа нар оролцож хөдөлмөр эрхлэлт, төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга мэдээллийг өгсөн байна. Мөн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч  Б.Батхуяг “Ажлын байр дахь ХАБЭА”, Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Н.Мөнхзул нар тодорхой мэдээлэл хийлээ.

Аймгийн Засаг даргын орлогч Г.Март ХХҮГ-ын дарга Д.Цэндмаа, аймгийн Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Д.Төмөртогоо, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Азжаргал нар 14 сумын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн дарга нарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж дүрэм, журам бүхий хавтас, дарцгийг гардуулсан байна.

Ташрамд дурдахад Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4 дүгээр сарын 28-ныг “Ажлын байр дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон Олон улсын хэмжээнд тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн бөгөөд 2022 онд “Аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” уриан дор дээрх үйл ажиллагаа зохион байгуулж буй.

Холбоотой мэдээ