Үерт автсан айлуудад шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-07-29 18:27:12

Улаанбаатар хотод өчигдөр 19.00 цагийн орчимд дуу цахилгаантай хүчтэй аадар бороо орсны улмаас хэд хэдэн газрууд үерт автсан.

Баянзүрх дүүргийн 1, 2, 5, 6, 7, 8, 9, 13, 14, 18, 19, 22, 27 дугаар хороо, Монелын гудамж, Дунд дарь эхийн гудамж, Алтан өлгий, Шар хадны гудамж, Дүүргийн гудамж, Сэлбийн гудамж, Эрдэнэ толгойн гудамж, Цэргийн хотхон, Голден вилл хотхон, Зүүн хүрээ хотхон, 57 дугаар байр, 93/А байр, 38/А байр, дүүргийн Татварын хэлтэс, Цэцэрлэгжилт ХХК, Консулын гудамж үерт автжээ.

Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн утсанд иргэдээс үер усны холбогдолтой  60 гаруй дуудлага иржээ. Иргэд ихэнхдээ гэрт ус орсон, орц болон газар доорхи зоорийн давхар усанд автсан, нийтийн эзэмшлийн гудамж талбай болон автозам усанд автсан гэсэн дуудлага өгчээ.

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 30 хүний бүрэлдэхүүнтэй, 4 автомашинтай бүлэг үерийн усыг соруулан, иргэдэд зөвөлгөө өгч шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Мөн  дуудлагын дагуу аврах, хор уршгийг арилгах ажиллагааг газар дээр нь зохион байгуулсан аж.

Багануурын төлөөлөгчийн газраас зүүн тийш Намъяанжугийн гудамж хүртэлх 6300кв.м талбайд хурсан лаг шаврыг цэвэрлэх ажлыг “Нийтлэг үйлчилгээний газар 2” зохион байгуулсан аж. Тус цэвэрлэгээгээр нийт 24 ажилчин 8480 кг лаг шавар, хогийг ачиж тэээвэрлэсэн байна. 

Цаашид 29-ний өдөр түр зуурын бороо орж, 30-ны өдрөөс өдөртөө 31-35 хэм хүртэл халах урьдчилсан төлөвтэй байгаа тул ард иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байхыг Дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.

Н.Туяа

 

Холбоотой мэдээ