Гэрлийн шон, барилга байгууламжийн дээврээр татсан кабелийг цэгцэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-08-12 16:30:25

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Нийслэлийн дэд бүтэц хариуцсан нэгдүгээр орлогч дарга Т.Даваадалай нар уулзав. 


Тэд нийслэлийн дэд бүтэц, явган хүний замын бүтээн байгуулалт болон түүнийг дагасан харилцаа холбооны худаг, сувагчлалын ажил, агаараар буюу гэрлийн шон, троллейбусны даацын багана, барилга хооронд дамжин татсан кабелиудыг цэгцлэн худаг сувагчлалаар оруулах, хэрэглээгүй кабелиудыг буулгах талаар хэлэлцэв.


Уулзалтын үр дүнд хамтарсан  ажлын хэсэг гарган,  худаг сувагчлал, кабелийн асуудлыг үе шаттай шийдэхээр  тохирсон юм. Ингэхдээ төв замын дагуух дутуу үлдсэн худаг сувагчлалын ажлуудыг дуусгаж, агаараар татагдсан буулгах боломжтой кабелиудыг буулган, худаг сувагчлалд шилжүүлнэ. Мөн барилга хооронд замбараагүй татсан кабелиудыг цэгцлэн багана татна. Түүнчлэн харилцаа холбооны кабелиудыг агаараар татах эрх зүйн баримт бичиг, стандартуудыг боловсруулж батлахаар болов.


Энэ үеэр “Мэдээлэл холбооны сүлжээ компани” ТӨХК нь өөрийн эзэмшлийн Улаанбаатар хотын худаг сувагчлал, дүүргэлт болон Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны өргөн чөлөө, Их тойруу, бага тойруу дагасан зам засварын бүтээн байгуулалттай хамт хэрэгжиж буй худаг сувагчлалын ажлын явц, гүйцэтгэлийн талаар танилцуулав. Тус байгууллага хотын хэмжээнд 7  станцын хүрээнд 9826 ширхэг худаг, 625.323 метр сувагчлалын ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж байна.





Холбоотой мэдээ