Хэлний бодлогын салбар зөвлөл энэ онд хийж хэрэгжүүлэх ажлаа товлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-04-05 19:46:09

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл оны анхдугаар хурлаа хийлээ. Хурлаар Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан энэ онд хийж хэрэгжүүлэх ажлуудаа товлов.

Энэ онд Төрийн захиргааны нийт  алба  хаагчдын дунд монгол хэл бичгийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, төрийн албан хэрэг хөтлөлтийг төгөлдөржүүлэх зорилгоор сорил шалгалт /кирилл бичгээр/, Монгол бичгийн сорилгыг зохион байгуулах /тодорхой бүлгүүдэд/-аар боллоо. Мөн монгол хэл бичиг, соёлын үзэсгэлэн гаргаж сурталчлах, монгол бичгээр улсын уралдаанд аймгаа төлөөлөн оролцох хүүхэд багачуудад орон нутгаас тодорхой дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Аймгийн Засаг дарга бөгөөд Хэлний бодлогын салбар зөвлөлийн дарга Д.Мөнхсайхан, "Нийт иргэдийн дунд эх хэл соёлоо түгээн дэлгэрүүлэх, төрийн албан хаагчдын албан хэрэг хөтлөлтийн соёлын хэрэглээг сайжруулах, хүүхэд залууст сурталчлах үйл ажиллагааг далайцтай, үр нөлөөтэй зохион байгуулах нь зүйтэй"-г онцолж байв. 

Сонирхуулахад, Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг хангах зорилгоор төрийн байгууллагуудын албан хаагчдын дунд модуль сургалтуудыг Баянхонгор аймагт 2021 оноос зохион байгуулж байгаа аж.

Холбоотой мэдээ