МҮБХ-ны ээлжит "Их Эе"-ийн хурал бямба гарагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-04-04 10:16:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны ээлжит "Их Эе"-ийн хурал энэ сарын 9-нд Монгол бөхийн өргөөнд 11.00 цагаас болно.


Хуралд МҮБХ-ны дүрэмд зааснаар 256 төлөөлөгч оролцоно. МҮБХ-ны дүрэмд зааснаар улсын аварга, арслан, гарди, заан цолтнууд болон сонгуульт хугацааны тэргүүлэгчид шууд оролцоно. Тухайлбал, Улсын аварга – 11, Улсын арслан – 11, Улсын гарди – 11, Улсын заан – 28, Сонгуульт хугацааны тэргүүлэгч – 9 хүн байна.


МҮБХ-ны дүрэмд зааснаар бөх судлаач, зүтгэлтэн, жаяг дэгийн багийн гишүүд тус тусын бүрэлдэхүүнээр хуралдан, зөвшөөрсөн тоонд төлөөлөгчөө сонгон оролцуулна. Тухайлбал, Бөхийн зүтгэлтэн – 5, бөх судлаач – 5, бөх тайлбарлагч – 5, гарын даа – 5, засуул – 8, хөлийн цэц- 5 хүн байгаа аж.


МҮБХ-ны дүрэмд зааснаар аймаг болон хотын зэрэглэлтэй нийслэлийн захын дүүргээс 3 төлөөлөгчийг тухайн аймаг, хотын үндэсний бөхийн холбооны хурлаас сонгон оролцуулна.


Мөн дүрэмд зааснаар Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг нэг аймгийн бөхчүүдийн хурлаас харцага цолтон – 1, начин цолтон – 2, Аймаг, цэргийн цолтон 1, нийт 4 бөхийг сонгон оролцуулна. /Нэг аймаг 2 буюу түүнээс дээш дэвжээтэй байлаа гэхэд нийт дундаас 4 төлөөлөгч сонгоно/


Түүнчлэн уг дүрэмд зааснаар "Их Эе"-ийн төлөөлөгч нь өөрийн оронд өөр хүн итгэмжлэлээр оруулахгүй. МҮБХ-ны ээлжит "Их Эе"-д аймгуудын бөхийн холбоод, аймгуудын бөхийн төлөөллүүд оролцох төлөөлөгчдийн нэрсийг цахим болон танхимын хурлаа хийн 4 дүгээр сарын 4-ний дотор ирүүлсэн байх юм.


Төлөөлөгчдийн нэрс, анкет, хуралдсан хурлын протокол, тэмдэглэлээ ирүүлж амжаагүй аймгуудын төлөөлөгчдийн оронд бөхийн зүтгэлтэн, бөх судлаач, жаяг дэгийн баг, засуул, хөлийн цэц, тайлбарлагчдын төлөөллийг нэмж хуралд оролцуулах юм байна.


Жаяг дэгийн багийнхан 2022 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 17.00 цагаас Монгол бөхийн өргөөнд тус тусын хурлыг хийн төлөөлөгчөө сонгоно.


Ээлжит "Их Эе" хуралд аймгуудын бөхийн холбоо цахимаар бус өөрийн биеэр оролцох ёстой аж. Мөн Улсын харцага /мөн начин/ цолтонгүй аймаг, хот начин, аймгийн цолтны төлөөллөө заасан тоонд хүргэн оруулж болно гэж МҮБХ-ны дүрэмд заажээ.

Холбоотой мэдээ