Н.Лхагвадорж:Уналтанд орсон байсан ойн салбар дахин сэргэн ирж байна

ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2022-03-28 22:14:45

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.“Тэрбум мод-Сэлэнгэ аймагт” зөвлөгөөний үеэр аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржтой уулзаж ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сэлэнгэ аймаг мод тарихын зэрэгцээ үр, тарьц нийлүүлэгч аймаг болно гэдгээ улс даяар зарлалаа. Энэхүү үйл ажиллагааныхаа талаар өөрийн байр сууриа хуваалцахгүй юу?

-Бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр аймагтаа “Тэрбум мод-Сэлэнгэ аймагт” зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Үүнийг бид үүрэг, чиглэл гэхээсээ илүүтэй маш том боломж гэж хараад Сэлэнгэ аймгийнхаа нийт ард иргэдэд хандаж уриалга гарган энэхүү үйл ажиллагааг явуулж байгаа юм. Одоо бид бүгдээрээ шүүмжлэхээсээ илүүтэй эвлэлдэн нэгдээд мод тарих юм бол маш том боломж гарч ирж байна. Монгол Улсын ерөнхийлөгч маань нэг тэрбум модыг 10 жилийн хугацаанд тарина гэж хэлсэн байгаа. Тэгвэл нийт ард түмэн нэгдээд зүтгэх юм бол тэрнээс ч олон мод, хуучин төлөвлөгөөгөө давуулан биелүүлдэг байсантай адил богино хугацаанд хийх боломж нь байгаа юм. Энд аймгийн Засаг дарга миний зүгээс харж байгаа зүйл бол Сэлэнгэ аймаг маань өөрөө Монгол Улсынхаа ойн нөөцийн ихэнх хувийг бүрдүүлдэг. Дээр нь хамгийн олон модны төрөл зүйлтэй аймаг гэдгээрээ онцлогтой. Жишээ нь шилмүүст модны таван төрөл манай Сэлэнгэ аймагт байдаг. Энэ бол бусад аль ч аймагт байдаггүй онцлог төрөл зүйл. Мөн голын ай  саваар бургас ихтэй. Үүнийгээ хэрхэн яаж үржүүлж, арчилж болох юм. Манайханд нэг дутагдал байгаад байгаа юм. Модыг ерөөсөө арчилж, тордож мэддэггүй. Иймээс тайрдас, тандалт хийгээд өшөө үйлдвэрлэл, услалтыг нь хэрхэн хийх сургалт энэ зөвлөгөөн дээр маань явагдаж байна. Навчит модны маань зарим нь 90 хувь хүртэл тайралтыг хийгээд залуужаад явах боломжтой юм. Ер нь манай монгол орны голын бургасууд маш их хөгшрөлттэй байгаад байгаа. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ойн технологичийн сургалт ихээр явагдах болно. Энэ бол маш зөв зүйтэй асуудал. Мөн уналтанд орсон байсан ойн салбар дахин сэргэн ирж байгааг хэлмээр байна. Ер нь Сэлэнгэ аймагт бэлэн 8 сая тарьц, суулгац байгаа. Гэхдээ үүний маань 2 сая нь шууд 2022 оныхоо хавар бэлэн гарах боломжтой байгаа. Цаашдаа бид зөвлөгөөнөөрөө дамжуулаад Монгол Улсынхаа нийт ард иргэдэд уриалаад энэ мод тарих хөдөлгөөнд нэгдүүлж чадах юм бол 2023 оны намар 2 настай тарьц, суулгацаар улсаа хангаад цаашид үргэлжлүүлээд явах боломжтой. Энэ хугацаанд энэ мод, тарьц, суулгац бэлтгэж байгаа, мод үржүүлж байгаа байгууллагуудаа дэмжих хэрэгтэй. Зах зээл нь байхгүй, хийсэн суулгац, тарьц нь дарагдаж байсан бол одоо ил гаргах зах зээлийг шал ондоогоор харж эхэлж байна.

-Та их бардам итгэлтэйгээр энэ ажилд аймгаараа түүчээлэн оролцохыг уриалж байна. Нийлүүлэгч аймаг болох боломж бүрэн бий юу?

-Нэг ширхэг модыг нэг доллар гэж хар. Нэг үгээр хэлбэл тэрбум долларын зах зээлийг бидэнд бий болгоод өгчлөө. Энэ бол дотроо эргэлдэх дотоод зах зээл. Энэ модыг манай Сэлэнгэчүүд түүчээлэн тарьж, нийлүүлэгч аймаг болохоо зарлаж байна.

Манай Сэлэнгэ түмэнд байгаа үр болоод үрийн нөөц, тарьц, суулгацын нөөц манай аймгаас хангалттай гарна гэдэгт би итгэлтэй харж байгаа. Ийм учраас 2 сар гаруй хугацаанд мэргэжлийн байгууллагуудаар судалгаа хийлгэсэн. Үүнийхээ дагуу ажлаа хувиарлаад явж байна. Мөн Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгаварын дагуу намар 8, 9 сардуудад бидний хийсэн ажлын үр дүн ямар байгааг бас харна гэж бодож байгаа. Бид өнөөдөр үүрэг чиглэл гэхээсээ илүүтэй үр дүнд суурилсан, үр дүнг харсан ажлыг зохион байгуулна гэж бодож байгаа. Иймээс манай нийт ААНБ-ууд, иргэддээ уриалж байна. Судалгааг нь гаргаад өгчихсөн байгаа. Өнөөдрийн энэ зөвлөгөөнд ирж байгаа хүмүүстэй дэвтэр өгч байгаа. Тэр дэвтэр дотор модыг хэрхэн яаж тарих технологи аргачлал нь бүгд байгаа. Мөн цаашид хэдэн сард үрийг нь хэрхэн түүх аргачлал бүгд байгаа. Тийм учраас үүнийгээ бид ажил хэрэг болгох л чухал байна.     

-Зөвлөгөөний хүрээнд зөвхөн мод, тарьц суулгац гэхээс гадна эвдэгдсэн талбай, нөхөн сэргээлт, цөлжилт гээд олон асуудал хөндөгдөж байна л даа. Сэлэнгэ аймагт маань уул уурхайн компаниуд нэлээд байдаг. Нөхөн сэргээлт, хариуцлагагүй уул уурхайн асуудал нэлээд хөндөгддөг. Энэ талаар таны бодлыг сонсоё?

-Ерөнхийдөө нөхөн сэргээлтийн талбай бол манай аймаг дээр Ерөө, Хүдэр, Бугант тосгонд асуудлууд байгаад байгаа. Миний хувьд одоогоор өөрөө газар дээр нь ажиллаагүй байна. Цаашдаа өөрийн биеэр очиж ажиллаад нөхөн сэргээлтийн хувь хэмжээг тогтоосны үндсэн дээр энэ талаар ярих нь зүйтэй байх. Ерөнхийдөө хариуцлагагүй уул уурхайгаас болж нэлээд хэдэн газарт нөхөн сэргээлт хийгдсэн байгаа. Уул уурхайг бүхэлд нь бургуутгахаас гадна сайн нөхөн сэргээлт хийж байгаа ажил үйлчилгээг бид дэмжээд явах ёстой. Иймээс нөхөн сэргээлтээ хийгээд, таримал ойгоо хөгжүүлээд явах бүрэн боломжтой. Иймээс миний бие бүх сумдаараа явж нөхөн сэргээлтийн талбай ямар хэмжээнд байгааг өөрөө үзэж байж энэ асуудлаар яринаа. Бид аймгийн удирдлагын багийн зүгээс цааснаас цаасны хооронд ажил хиймээргүй байна гэсэн бодлогыг баримтлан ажиллаж байна. Энэ ч утгаараа аймгийн удирдлагын баг 3 хэсэг болон бүх сумдынхаа дотоод ажилтай танилцаад явж байгаа. Тун удахгүй үр дүнгийнхээ хурлыг хийгээд албан ёсныхоо мэдээллийг өгнө гаэж бодож байна.   

-Танд баярлалаа.         

Холбоотой мэдээ