Ахмад дайчин Я.Өсөхөд ЗХ-ний 100 жилийн ойн медаль гардууллаа

ОРОН НУТАГТ | ДОРНОД
167@montsame.mn
2022-03-20 19:00:09

Дорнод /МОНЦАМЭ/. Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 101 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан ахмад дайчин Я.Өсөхөд аймгийн удирдлага хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Я.Өсөхийг Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медлиар шагнасныг мөн энэ үеэр гардуулж өгсөн юм. 

Яримпилийн Өсөх өдгөө 99 насыг зооглож, Дорнод аймгийн төвд энх тунх аж төрөн сууж байна. Тэрээр 1942 онд цэргийн албанд татагдаж, долдугаар морьт дивизэд алба хааж байхдаа түргэн жагсаал авч, Өвөр Монголын нутагт очиж давшилтад орж, 10-аад хоног тулалдсаны эцэст ялалт байгуулснаа хуучилж байв. Түүний алба хааж байсан отрядын 20 гаруй цэрэг олзны 500-гаад япон цэргийг Чита хот хүртэл 100 гаруй км явган тууж, дараа нь 45 хоногийн турш Хятад, Оросын нутгаар вагонтой олзны цэргүүдээ хариуцаж явсаар Оросын цэргийн ангид хүлээлгэж өгч байжээ. Эх орондоо эргэж ирээд олзны Япон цэргүүдийг бүтээн байгуулалтад дайчлах үед хяналт тавьж ажиллаж байгаад халагдаж нутагтаа ирсэн байна. 

Чөлөөлөх дайнд Монголын ардын армийн 21 мянган цэрэг эрс оролцож байсан түүхтэй. Чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчдаас улсын хэмжээнд өдгөө 42 хүн амьд сэрүүн бий.  


Холбоотой мэдээ