73 төрлийн үйлчилгээ "E-Mongolia" системд орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-03-20 15:25:35

Дорнод /МОНЦАМЭ/. "E-Mongolia" академийн ажлын хэсэг энэ өдрүүдэд Дорнод аймагт ажиллаж, төрийн 15 байгууллагын 73 төрлийн үйлчилгээг цахим системд орууллаа. Энэ үеэр Тусгаар тогтнолын талбайд өдөрлөг зохион байгуулж, төрийн нэгдсэн системийн талаар ард иргэдэд заавар үйлчилгээ, мэдээ мэдээлэл өгсөн юм.

Ийнхүү төрийн байгууллагуудын зарим үйлчилгээ цахим системд нэвтэрснээр иргэд амьдарч байгаа газраасаа хүсэлт илгээх боломжтой боллоо. Тухайлбал, орон нутаг судлах Музей гурван төрлийн үйлчилгээг цахим системд нэвтрүүлжээ. Иргэн өөрт хадгалагдаж байгаа соёлын биет өвийг бүртгүүлэх, өөрийн эзэмшдэг биет бус өвийг өвлөн уламжлагчаар бүртгүүлэх, сан хөмрөгт үзмэр худалдах хүсэлтээ "E-Mongolia" аппликейшнээр илгээх боломжтой. Мөн Замын цагдаагийн ажил үйлчилгээний хувьд хугацаа дууссан болон хаяж гээсэн жолооны үнэмлэхээ цахимаар захиалж, 14 хоногийн дотор гэрийнхээ хаягаар хүлээн авах боломж бүрджээ. Тээврийн хэрэгслийн болон бусад төлбөр торгуулийг ч уг системээр дамжуулан төлж барагдуулах аж. 

Холбоотой мэдээ