Мал эмнэлгийн 6 лабораторийг тоног төхөөрөмж, оношлуураар хангана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл болон 8 аймгийн 28 сум, дүүргийн Мал эмнэлгийн лабораторид үнэлгээ хийснээс зургааг нь 3.8 тэрбум төгрөгийн багаж тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, эм урвалж, оношлуураар хангахаар боллоо.
Ингэснээр Улсын
мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн эмийн сорилт
баталгаажуулалтын улсын лаборатори, Нийслэлийн болон Ховд, Хэнтий, Өвөрхангай
аймгийн Мал эмнэлгийн лаборатори малын
халдварт өвчнийг оношлох, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах шинжилгээг
олон улсад хүлээн зөвшөөрсөн аргачлалын дагуу хийх боломж бүрдэх юм.
Засгийн газраас Дэлхийн банкны санхүүжилтээр мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг
нэмэх төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн малын эрүүл мэндийн
бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэхээр ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ хооронд “Техникийн туслалцаа үзүүлэх
гэрээ” байгуулснаар аймаг,
нийслэлийн мал эмнэлгийн лабораторийн оношилгооны чадавхийг сайжруулах ажлыг үе
шаттай хийж байна. Мал эмнэлгийн лабораторид орчин үеийн
стандартад нийцсэн нарийвчлал сайтай, хүчин чадалтай багаж, тоног төхөөрөмж
суурилуулан ашиглахад барилга байгууламжийн хийц бүтээц, цахилгаан, сантехник,
агааржуулалтын системд хатуу шаардлага тавьдаг аж.