Чанарын менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-03-17 10:26:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ-ын үйл ажиллагаанд олон улсын чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 мөн  MNS ISO 9001 стандартыг орон нутгийн засаг захиргаанд хэрэглэх арга зүйн заавар ISO 18091:2020 стандарт нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгууллаа.


Гэрээг НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг, Конрад-Аденауэр-Сангийн суурин төлөөлөгч Виктор Франк, ”Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж нар байгуулав. 


Зөвлөх үйлчилгээний захиалагчаар НЗДТГ, санхүүжүүлэгчээр Монгол Улс дахь Конрад-Аденауэр-Сан, гүйцэтгэгчээр ”Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ ажиллана. Олон улсын чанарын менежментийн тогтолцооны бүлэг стандарт нь байгууллага гүйцэтгэлээ сайжруулж, хэрэглэгч, оролцогч талуудын сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд чанар, орлого, зардал, зах зээл, ашиг гэх мэт үйл ажиллагааг олон талаар сайжруулахад чиглэдэг.   


НЗДТГ-аас нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг сайжруулж, чанарын менежментийн тогтолцоо ISO 9001: 2016 стандартыг үе шаттай нэвтрүүлэхээр нийслэлийн 2021-2024 оны стратеги төлөвлөгөө, нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө зэрэг баримт бичигт тусгасны дагуу төлөвлөж, дөрөвдүгээр сард эхлүүлнэ.


Олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартыг НЗДТГ-т нэвтрүүлснээр төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, хандлага, төрийн байгууллагын менежментийн тогтолцоо, төсвийн зарцуулалт, ажлын давхардал, хийдэл арилж, нийслэлийн байгууллагуудад итгэх итгэл нэмэгдэж, иргэн төрийн харилцаа, ойлголцол шинэ шатанд гарах нөхцөл бүрдэнэ гэдгийг албаныхан онцоллоо.


Олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартыг төрийн захиргааны байгууллага үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр “Хүн” төвтэй удирдлагаас “процесс” төвтэй удирдлагад шилжих, байгууллагын соёлыг хөгжүүлэх, төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, хандлага дээшлэх, гүйцэтгэлийн удирдлага, баримт бичгийн удирдлага, удирдлагын тогтолцоо сайжрах боломж бүрдэх аж.  

 

Холбоотой мэдээ