Нийслэлд 120 сая мод тарихаар төлөвлөөд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-03-11 08:04:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн 9 дүүрэгт ойжуулалт, нөхөн сэргээлт, хамгаалалтын ойн зурвас байгуулаж 120 сая мод тарихаар төлөвлөөд байна.

Улаанбаатар хотын 12 га гаруй талбайг ойжуулснаар ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ нийслэлийн нутаг дэвсгэрийн 23 хувьд хүрч нэмэгдэх юм.


Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын эхэнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг нийслэлд хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр танилцуулав.


Тэрбээр “Ерөнхий төлөвлөгөөний төсөлд 3 зорилго дэвшүүлэн, 2022-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Улаанбаатар хотын ойн сангийн хомсдол, доройтлыг багасгах, түймэрт өртсөн, хөнөөлт шавжид нэрвэгдсэн, мод бэлтгэсэн талбайг ойжуулан нөхөн сэргээж, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмнэ. Бүх төрлийн хамгаалалтын ойн зурвасыг 3.350 га талбайд байгуулна. Ингэснээр цэцэрлэгжүүлэлтийг нэмж, агаар, хөрс, усны бохирдлыг багасган, “Хотын иргэний аюулгүй байдал”-ыг хангах зорилгоор 1 хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмнэ” гэжээ.


Зөвлөлийн гишүүд мод тариад өнгөрөх биш, модоо ургуулах, арчлах, хамгаалахад анхаарах хэрэгтэйг онцолж байлаа. Мөн

хувийн хэвшлийнхэн хашаа, хайс татахаас илүүтэй ногоон байгууламжаар хашаа хийж, мод бутыг нэмэх хэрэгтэйг тодотгож байв.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг нийслэлд хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг үндэслэн, холбогдох бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй уялдуулан боловсруулжээ.

Холбоотой мэдээ