Хөгжлийн банканд 2016 онд хийсэн ажлын багийн дүгнэлтийг ил болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-03-09 13:33:53
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, 2016 онд Хөгжлийн банканд шалгалт хийсэн Засгийн газрын ажлын багийн дүгнэлтийг олон нийтэд ил болгохоор шийдвэрлэсэн тухай ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэв. 


Дээрх материалыг ил болгох саналыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Засгийн газарт тавьжээ. Тэрээр тухайн үед ажлын багийг ахалж ажилласан байна. Нийт 130 хуудас бүхий материалыг бүхэлд нь ил болгосноор, өнгөрсөн хугацаанд ажлын багийн дүгнэлтийн дагуу Засгийн газар, хууль хяналтын байгууллага ямар ажил хийсэн, ямар ажил замхарсан нь ил тод болно гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар онцлов. 


Тэрбээр, "Тодорхой эх үүсвэрээс мөнгө татан төвлөрүүлж, ямар байдлаар зээл болгож гаргасан, тухайн үед аль эх үүсвэр нь ноцтой гэдгийг анхааруулж байсан тухай дүгнэлт гарсан байгаа. Зарим зээлдэгчдийг хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн. Зургаан жилийн хугацаанд хэрхэн шийдвэрлэж, ямар үр дүн гарсан бэ. Энэ дүгнэлтийн дагуу тухайн үеийн Хөгжлийн банкны удирдлага, Сангийн яам, холбогдох байгууллага арга хэмжээ авсан бол өнөөдрийнх шиг нөхцөл байдал үүсэх байсан эсэх нь тодорхой болно" хэмээв. 


Нийтэд ил болгосон 130 хуудас бүхий материалыг ХЗДХЯ-нд хандан хэвлүүлж авах боломжтойг мэдээллийн үеэр тодотгов. Тухайн үед Засгийн газар ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт орох хэлэлцээр явагдаж байсан тул ажлын багийн дүгнэлтийг нууцалсан гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тайлбарлав. 

Холбоотой мэдээ