“Монгол, Япон орны ирээдүй” хүүхдийн гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-03-08 10:01:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан зарласан гар зургийн улсын уралдааны шилдгүүд өнөөдөр тодорлоо.


Тус уралдааныг Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын хүүхдийн урлан бүтээх төв /МХУБТ/ хамтран өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 7-ны хооронд  ахлах, дунд, бага насны ангиллаар  зохион байгуулжээ. 




Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки уралдаанд ирүүлсэн шилдэг бүтээлээр гаргасан үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны тэмдэглэлт 50 жилийн ойн хүрээнд энэхүү "Хүүхдийн зургийн уралдаан" зохион байгуулагдаж байгаад тун их баяртай байна. Энэ тэмдэглэлт ойн жилийг хоёр орны Засгийн газраас "Япон, Монголын хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил" болгон зарласан" гэдгийг тодотгоод "Монголын хүүхэд, залуучуудын хувьд Япон гэж ямар орон болох, Япон гэвэл юу санаанд буудаг, Японыг хэрхэн ойлгодгийг хүүхэд бүрийн зурсан зургаар дамжуулан харж, мэдэж авах нь миний хувьд тун сонирхолтой санагдаж байна ” хэмээн онцолсон юм.




МХУБТ-ийн захирал Д.Уранбилэг хэлэхдээ, “Манай байгууллага Монгол Улсын ирээдүйн баялгийг бүтээх хойч үе хүүхэд багачууддаа дүрслэх урлаг, гар урлалын чиглэлээр хөдөлмөр, гоо зүйн мэдлэг олгож, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх замаар амьдралын арга ухаанд сургадаг бөгөөд эдүгээ 33 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн бидний үйл ажиллагааг дэмжиж Монголын мянга мянган хүүхэд багачуудын хөгжлийн төлөө идэвхтэй хамтран ажилладаг Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд эрхэм хүндэт Кобаяши Хироюки танд болон танай хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Цаашид Монгол, Япон орны найрамдалт харилцаа, хүүхэд, залуучуудын анд нөхөрлөл илүү өргөжин тэлж, хамтын ажиллагаа улам батжих болтугай” гэлээ.


Улсын уралдааны ГРАНПРИ шагналаар Хэнтий аймгийн Биндэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн  сурагч Э.Чимэгбаяр тодорлоо.


Бага ангийн төрөлд “Миний мэдэх Япон орон” сэдвээр,   

  • Тэргүүн байрт Монгени сургуулийн сурагч Э.Содбилэг,
  • Хоёрдугаар байрт 44-р сургуулийн сурагч Ц.Марта,
  • Гуравдугаар байрт 50-р сургуулийн сурагч С.Мөнхдаваа,
  • Тусгай байрт Хэнтий аймаг лабортори 1-р сургуулийн сурагч Б.Цээнэтэй,

Дунд ангийн төрөлд “Монгол Япон орны нөхөрлөл” сэдвээр,

  • Тэргүүн байрт Шинэ Монгол ахлах сургуулийн сурагч Ж.Халиун,           
  • Хоёрдугаар байрт 45-р сургуулийн 9-р ангийн сурагч Р.Одонсар,          
  • Гуравдугаар байрт Ирээдүй цогцолбор сургуулийн сурагч Ж.Ууганзаяа,       
  • Тусгай байрт Монгени сургуулийн сурагч А.Гүнжид,           

Ахлах ангийн төрөлд “Монгол Япон орны ирээдүй” сэдвээр,

  • Тэргүүн байрт "Тэмүжин альтернатив" сургуулийн сурагч Д.Анужин,
  • Хоёрдугаар байрт "Амгалан" цогцолбор сургуулийн сурагч С. Дөлгөөнмөрөнгуа,
  • Гуравдугаар байрт ШУТИС- ийн харьяа лицей сургуулийн сурагч Г.Үжинмарал,
  • Тусгай байрт нийслэлийн 2-р сургуулийн сурагч Б Дэвамаа нар шалгарлаа.













Холбоотой мэдээ