Тариаланчид хаврын тариалалтад бэлэн бус байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-03-04 17:47:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Газар тариалан эрхлэгчид он гармагц үр, бордоо, бодисоо авч хаврын тариалалтад бэлтгэдэг. Гэвч энэ жил гадаад, дотоодод үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор импортлох тоног, төхөөрөмжөө ч захиалж амжаагүй байгаа талаар Монголын Тариаланчдын холбооноос өнөөдөр мэдээллээ.

Намрын ургацын зарим хэсгийг борлогдоогүй, борлуулсан нь мөнгөө бүрэн аваагүйгээс тариаланчид эргэлтийн хөрөнгөгүй, хаврын тариалалтад бэлэн бус байна. Энэ нөхцөлд үр, бордоо, шатахуун, техникийн үнэ өсөж байна. Тулгамдаж буй эдгээр байдалд анхаарч ирэх жилийн тариалалтад барих бодлогоо тодорхойлж, зарим асуудлыг шийдэж өгөхийг Засгийн газраас хүсэж буйгаа илэрхийлэв.




Манай улсын тариалангийн салбарт 1500 гаруй ААН, 30 мянга гаруй тариаланч ажилладаг. Өнгөрсөн онд хураан авсан нийт ургацын 50 мянга гаруй тонныг улс худалдан авсан. 200 мянгаад тонныг гурилын үйлдвэрүүд авсан. Харин энэ жил дахин энэ байдал давтагдах эрсдэл их байгааг Монголын тариаланчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Рэнчинсэнгээ хэллээ. Өнөөдөр газар тариалангийн салбарт:

  • Нийт талбайн 70 гаруй хувийн хөрс элэгдэлд орсон,
  • үр, сортыг хөгжүүлэх, ургамал хамгаалалтын тогтолцоог анхаарах,
  • тариалалтын технологи, менежмент алдагдсан зэрэг анхаарах зүйл их болж буйг хэлж байлаа.

Төр, засгаас газар тариалангийн салбарт тогтвортой бодлого явуулж байж ХАА тогтвортой хөгжинө гэдгийг тодотгож байна.

Холбоотой мэдээ