Өнөөдрөөс нөөцийн мах худалдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-03-01 18:05:16

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын хүн амын хүнсний хэрэгцээний махны тогтвортой хангамжийг бүрдүүлэх, үнийн өсөлтийг зохицуулах зорилгоор жил бүр нөөцийн мах худалдаанд гаргадаг. Энэ жилийн тухайд иргэдийн махны хэрэгцээнд зориулан 200 тонн махыг “Дархан Эрдэнэ мах комбинат” ХХК бэлтгэсэн байна.

Өнгөрсөн намар бэлтгэсэн бөгөөд гарал үүсэл, эрүүл ахуйн шаардлагыг холбогдох лабораторийн дүгнэлтээр баталгаажуулсан аж. Хүнсний дэлгүүрүүд нийлүүлэгч компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр худалдаалдаг. Өнөөдрийн байдлаар Дархан сумын хэмжээнд гэрээ байгуулсан 34 хүнсний дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж эхэллээ. Хүртээмжтэй байдлыг харгалзан үзэж баг тус бүрт хоёроос доошгүй хүнсний дэлгүүрээр худалдах саналыг аймаг орон нутгийн зүгээс санал дэвшүүлсэн ажээ.

Тиймээс цаашид шаардлага хангасан ААНБ-ууд хүнсний дэлгүүрээр дамжуулан нөөцийн мах борлуулах боломжтой. Бэлтгэсэн махыг энэ оны гуравдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд худалдах аж.  

Үнийн тухайд үхрийн ястай мах 9500, хонины ястай мах 8500, ямааны махыг 7500 төгрөгөөр худалдана. Тухайн үнэ зах зээлийн үнийн дүнгээс 1000-3500 төгрөгийн хямд аж. Өнгөрсөн жилийн тухайд нөөцийн махны чанартай холбоотой ямар нэгэн гомдол гарч байгаагүй гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэлж байлаа.

Холбоотой мэдээ