ХДХВ-ийн халдвартай өвчтөнийг шинэ аргаар эдгээжээ

ДЭЛХИЙД | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2022-02-25 12:44:11

НЬЮ-ЙОРК. /RIA Novosti/. Америкийн эрдэмтэд ХДХВ-ийн халдвараас эдгэрсэн дэлхийн гурав дахь хүний тухай мэдээлжээ. Эмч нар өмнөх хоёр тохиолдолд нь ашигласан чөмөг шилжүүлэн суулгах аргаас харьцангуй энгийн бөгөөд аюулгүй цоо шинэ арга хэрэглэж, гайхалтай үр дүнд хүрсэн байна.


Хүний дархлал хомсдолын вирусийн (ХДХВ) халдвараас эдгэрсэн анхны өвчтөн болох "Берлиний өвчтөн" гэгддэг Тимоти Рэй Браун эмчилгээний дараа дархлал хомсдолын вирусгүй 12 жил амьдарч, 2020 онд цусны хорт хавдараар нас барсан. Харин хоёр дахь хүн болох “Лондоны өвчтөн” Адам Кастильехо одоог хүртэл эсэн мэнд байгаа юм. Шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсний дараа тэрбээр вирусийн эсрэг эм хэрэглэхээ больсон бөгөөд цусанд нь ХДХВ илрэхээ больжээ.


Хэдийгээр хоёр тохиолдол амжилттай болсон ч чөмөг шилжүүлэн суулгах аргыг ДОХ-ын эмчилгээний хувьд ирээдүйтэй гэж үзэх боломжгүй аж. Нэгдүгээрт, инвазив процедур нь өөрөө маш хэцүү байдаг. Хоёрдугаарт, “шилжүүлэн суулгасан эрхтэнг” өвчтөний бие хүлээж авахгүй байх буюу “дархлааны систем нь өөрийн эд эс рүү гадны биет мэт дайрах” гэх мэт ноцтой гаж нөлөө үүсгэдэг байна.


Чухам үүний улмаас Тимоти Браун шилжүүлэн суулгах мэс заслын дараа нас барах шахжээ. Харин Кастильехогийн эмчилгээ харьцангуй хүч багатай байсан боловч эмч нарын хэлснээр хагалгааны дараа тэрбээр жилийн дотор 30 гаруй кг жин алдаж, бараг дүлий болж, олон халдвар авсан байна. ХДХВ-ийн халдвартай, хорт хавдартай бусад хэд хэдэн өвчтөн ийм хүндрэлүүдийг огт даван туулж чадаагүй бөгөөд тэд хорт хавдраар эсвэл чөмөг шилжүүлэн суулгах мэс заслаас татгалзсаны улмаас нас баржээ.


Эрдэмтэд илүү найдвартай, илүү зөөлөн инвазивын аргуудыг байнга хайж байдаг. Үүний нэг нь хүйн ​​цус шилжүүлэн суулгах мэс засал юм. Хүүхэд төрсний дараа ихэс болон хүйн судалд нь хорт хавдар, 1-р хэлбэрийн чихрийн шижин, тархины саажилт болон олон арван хүнд өвчнийг эмчлэхэд ашиглах боломжтой үүдэл эсүүд агуулагдаж байдаг ажээ. 


2015 онд Эх, хүүхэд, өсвөр үеийнхний ДОХ-ын эмнэлзүйн судалгааны олон улсын сүлжээ (IMPAACT) нь Цус, ясны чөмөг шилжүүлэн суулгах олон улсын судалгааны төв (CIBMTR), ДОХ-ын клиник судалгааны групп (ACTG) болон хэд хэдэн байгууллагатай хамтран хорт хавдар болон бусад өвчнийг эмчлэхийн тулд CCR5-∆32 мутаци бүхий хүйн ​​цусны үүдэл эс шилжүүлэн суулгасан ХДХВ-ийн халдвартай өвчтөнүүдийг ажиглах судалгааг АНУ-д эхлүүлжээ.


2018 онд танилцуулсан урьдчилсан тайландаа судлаачид өнгөт арьст хижээл насны эмэгтэйн тохиолдлыг тусад нь тайлбарласан байна. Уг эмэгтэй 2013 оны зургаадугаар сард ХДХВ-ийн халдвартай гэж оношлогджээ. Дараа нь дөрвөн жилийн турш вирусийн үржлийг дарангуйлдаг эм уусан байна. 2017 оны гуравдугаар сард эмч нар түүнд цочмог цусны хорт хавдар буюу хурдан үржиж, өөрчлөгдсөн цагаан эсүүд нь ясны чөмөгт нөлөөлдөг хорт хавдар оношилжээ. Энэ хавдар нь ихэвчлэн өвчнийг хурдан даамжруулж, эмчилгээ хийлгээгүй тохиолдолд хэдэн сар, заримдаа долоо хоногийн дотор үхэлд хүргэдэг байна.


Уг эмэгтэйн хүйс, арьсны өнгө зэргээс нь шалтгаалж, чөмөгний донор олоход хүндрэлтэй байжээ. ХДХВ-ийн халдварыг дарангуйлдаг мутаци агуулсан бүх тохиромжтой материал нь цагаан арьст эрэгтэйчүүдэд байв. Үүнээс гадна, чөмөг шилжүүлэн суулгах явцад донор нь хүний эд эсийн нийцтэй системийн генийн багц болох рецептортой ойрхон лейкоцитын антигентэй (HLA) байх шаардлагатай байжээ. Үүдэл эс шилжүүлэн суулгах ажилбар амжилттай болох магадлал үүнээс хамаардаг байна. Тиймээс энэ нь донорын эрэл хайгуулыг улам төвөгтэй болгож байв.


Өвчтөнд химийн курс эмчилгээ хийсний дараа хурдан арга хэмжээ авах шаардлагатай болсон тул эмч нар CCR5-∆32 мутацитай хүйн ​​цусыг ашиглахаар шийджээ. Насанд хүрсэн хүний чөмөгний үүдэл эстэй харьцуулахад хүйн ​​цус нь илүү сайн дасан зохицдог, хүндрэл багатай байдаг ажээ. Дээрээс нь илүү олдоцтой байдаг бөгөөд өнөөдөр дэлхий дээр 200 гаруй тусгай зөвшөөрөлтэй хүйн ​​цусны банк байдаг.


Гэвч уг эмэгтэйд өөр хүндрэлүүд үүсэх эрсдэлтэй байсан тул эрдэмтэд хүндрэлийг даван туулж, өвчтөний дархлааг дэмжихийн тулд гапло эс гэж нэрлэдэг хамгийн ойрын хамаатных нь үүдэл эсийг хүйн ​​цустай нь хамт суулгахаар шийджээ. Энэ нь шилжүүлэн суулгах ажиллагааг эрсдэл багатай болгосон байна. Гурван сарын дараа гапло эсүүд түр зуурын үүргийг гүйцэтгэж, хүйн цусны эсүүдэд үүргээ шилжүүлэн өгчээ. Үүний дараа ясны чөмөгний бүх лейкоцит нь CCR5 генийн хамгаалах хувилбарыг тээгчээс авсан хүйн цусны үүдэл эсүүдийг буй болгосон байна.


Уг эмэгтэй мэс заслыг маш хөнгөн давж гарч, “шилжүүлэн суулгасан эрхтэнг бие нь хүлээж авахгүй байх” болон бусад гаж нөлөө илрээгүй ба мэс засал хийлгэснээс 17 хоногийн дараа эмнэлгээс гарчээ.


Судалгааны журмын дагуу таван жилийн турш эмч нар өвчтөнийг ажигласан байна. Өвчтөн эхний гурван жил ретровирусийн эсрэг эм ууж байгаад дараа нь больжээ.


Хэт мэдрэг маш олон оношлуураар шинжилгээ хийхэд олшруулах чадвартай вирусийн хэсгүүд байгааг илтгэх шинж тэмдэгүүд, ХДХВ-ийн эсрэг биетүүд эсвэл түүнтэй тэмцэхээр програмчлагдсан дархлааны эсүүд илрээгүй байна.


Эрдэмтэд судалгааныхаа нааштай үр дүнд бүрэн итгэлтэй болсон цагт уг өвчтөнийг ХДХВ-ийн халдвараас бүрэн эдгэрснийг зарлах аж.


Энэ эмэгтэйг ХДХВ-ийн халдвараас эдгэрсэн бусад хоёр хүний адил "Нью-Йоркийн өвчтөн" гэж нэрлэсэн бөгөөд тэрээр Нью-Йоркийн “Weill Cornell”- ийн эрүүл мэндийн төвд эмчилгээ хийлгэжээ. 

Холбоотой мэдээ