Япон, Монголын архивын баримтад түшиглэн 700 гаруй жилийн харилцааны түүхийг дэлгэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2022-02-25 12:07:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ өдрүүдэд "Япон ба Монгол Улс:  архивын баримтаар дамжуулан хүргэх бидний түүх" сэдэвт цахим, виртуал үзэсгэлэн нээлтээ хийж, олон нийтийн хүртээл болоод байна.


Япон улсын Үндэсний архивын газар, Монгол Улсын Архивын ерөнхий газар нь 2019 оны 11 дүгээр сарын 25-нд Япон улсын нийслэл Токио хотноо зохион байгуулагдсан Олон улсын архивын зөвлөлийн Зүүн Азийн бүсийн салбар зөвлөлийн хуралдааны үеэр Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.


Тус санамж бичгийн хүрээнд "Япон ба Монгол Улс: Архивын баримтаар дамжуулан хүргэх бидний түүх" сэдэвт архивын баримт, гэрэл зургийн цахим, виртуал үзэсгэлэнг Япон, Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээ 2022 оны 2 дугаар сарын 24-нд тохиож байгаатай холбогдуулан зохион байгуулж байна. 


Монгол Улс, Япон Улс нь 1972 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Москва хотноо харилцан Ноот бичиг солилцож, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтсон билээ.


Энэхүү цахим хуудас нь Японы Үндэсний Архивын газар болон Монгол Улсын Архивын ерөнхий газрын өмчид хамаарах он цагийн хувьд өөр өөр цаг үеийг хамарсан 6 бүлэг сэдвийн хүрээнд 700 гаруй жилийн харилцаа, хамтын ажиллагааны түүхийг харуулсан олон чухал архивын баримт, гэрэл зургийг агуулсан өргөн цар хүрээтэй үзэсгэлэн болж байгаагаараа онцлог юм.


Үзэсгэлэнд хоёр орны харилцааны түүхэнд холбогдох Юань гүрний үеийн сурвалж бичгүүд болон захидал, Богд хаанаас Япон улсын Эзэн хаанд илгээсэн захидал, XX зууны эхэн үед Монголд ажиллаж амьдарч байсан япон  худалдаачдын тухай баримт, 1935 онд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөл, Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хамтарсан хурлаас гаргасан тогтоол шийдвэр, 1961 оны Монгол-Японы харилцааны асуудлыг судлах, хоёр орны хөгжил байдалтай танилцах талаар Москвад суугаа Япон Улсын Элчин сайдыг түр хамаарагч ноён Акира Сигэмицуд уламжилсан бичиг, найрамдалт харилцаа тогтоосон тухай шийдвэр зэрэг баримтыг дэлгэсэн бөгөөд түүхийн бодит үнэн мэдээллийг виртуал хэлбэрээр олон нийтийн хүртээл болгон анх удаа гаргаж буй гэдгээрээ онцлог юм.


Манай хоёр байгууллагын архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа эдгээр үнэ цэнтэй баримтуудаа үзэсгэлэнгээр дамжуулан хүргэж байгаа нь бидний цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, манай хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх,  харилцааны шинэ түвшинд гаргах нөхцөл бүрдэж байгааг 2 тал онцлон тэмдэглэв.


Бидний хамтран хэрэгжүүлж буй энэхүү төслийг дэлхийн өнцөг булан бүрээс, ялангуяа түүх соёлыг шимтэн сонирхдог хүмүүс цахим хуудсанд хандалт хийж, англи, монгол, япон хэл дээр чөлөөтэй уншин танилцаж, сонирхох боломжтой юм.


Тус үзэсгэлэнг  https://bit.ly/3hd35L0  цахим хуудсанд хандалт хийж сонирхох боломжтой юм байна.

 



Монголын Эзэнт гүрнээс Японд илгээсэн албан бичиг


Монгол Улсын Ерөнхий сайд Думаагийн Содномын Япон улсад хийсэн айлчлал /1990 он/




Япон улсын Ерөнхий сайд КАЙФУ Тошикигийн Монгол Улсад хийсэн айлчлал  /1991 он/



Холбоотой мэдээ