Ковидын үед төрөлжсөн, цогц мэдээлэл дутмаг байсан гэж дүгнэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөлд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч нар нийгэм, олон нийтэд өгөх мэдээллийг сайн төрөлжүүлж чадаагүй, асуудлыг цогцоор мэдээлэхэд бэлэн бус байсан гэж дүгнэжээ.
Энэ талаар өнөөдөр болсон сэтгүүлзүйн ёс зүйн форумаар хөндсөн бөгөөд үүнээс үүдэн ковидын үед сэтгүүлч нар хэр ёс зүйтэй ажилласан бэ гэсэн асуулт тавигдаж буйг хэлэлцсэн юм. Энд төрийн мэдээллийг дамжуулахад нэг чиглэлийн мэдээллийн урсгал давамгайлсан, хамтын ажиллагаа доголдолтой буюу сэтгүүлзүйн оролцоо үүргийг тодорхой хэмжээгээр хязгаарласан, дагаж сурвалжлан мэдээлснээс бус манлайлан сурвалжилж чадаагүй гэсэн дүгнэлт гарчээ.
Тухайлбал, ХМХ, сэтгүүлчид
ковидын цаг үеийн хэвлэлийн бага хурлын мэдээллийг Засгийн газартай (УОК, ЭМЯ-ны мэдээллийг) хамтарч дамжуулж байсан нь шуурхай, сайшаалтай байсныг МУИС-ийн
сэтгүүлзүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш Д.Идэржаргал дурдаж байв.
Энэ талаар Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс гаргасан судалгаагаар тухайн
мэдээллийн агуулгын хэлбэрийг задалж үзэхэд:
- Тайлагнаж тайлбарласан
байдал 54.8 хувь,
- Агуулгыг бүгдийг оруулж
мэдээлсэн байдал 41.9 хувь,
- Шинэ мэдээлэл өгөх байдал
38.7 хувь,
- Авч хэрэгжүүлж буй үйл
ажиллагааг танилцуулсан байдал 25.8 хувь,
- Урьдчилан сэргийлсэн
байдал 19.4 хувь,
- Дараагийн авах арга
хэмжээ, алхмыг тодорхойлсон байдал 0 хувь байв.
“Монголын Эмнести интернэшнл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа “Цар тахлын үеийн мэдэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө”-ний талаар илтгэл тавив.
Коронавирусний үед гэр бүлийн хүчирхийлэл, сэтгэл гутрал, хүний эрхийн хязгаарлалт, ялгаварлан гадуурхалт, ажилгүйдэл, цахим сургалт, цахим хэрэглээ, цахим ажил эрхлэлт, түүний үр нөлөө, эдийн засгийн салбаруудын зогсонги байдал, эмнэлгийн ажилтнуудын нөхцөл, хүнсний хомсдол, шилэн дансны хөтлөлт, жагсаал цуглаан зэрэг олон асуудал хөндөгдөн, сэтгүүлчдийн хувьд олон сэдэв гарч байсныг дурджээ.
Гэвч сэтгүүлч, мэдээллийн байгууллагууд эдгээр сэдвийн мэдээллийг төрөлжүүлэх юм уу, цогцоор мэдээлсэн нь хангалтгүй байсан гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд гаргажээ. Зүй нь ямар ч нөхцөл байдалд ХМХ болон сэтгүүлчид үнэн зөв, баримтад тулгуурласан, цаг үеэ олсон мэдээллийн урсгалыг чөлөөтэй нэвтрүүлэх ёстой. Ингэснээр иргэдийн эрүүл мэндийн эрсдэл, түүнээс сэргийлэх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, иргэдийг эрүүл мэндийн заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхөд туслах үүргээ ХМХ бүрэн биелүүлэх учиртайг “Ковид-19: Мэдэх эрх ба сэтгүүлчийн ёсзүй” сэдэвт форумаар хөндөв.