Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Ж.Мөнхбатыг томиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар /ЗГХЭГ/ УИХ-ын гишүүн Жамъянгийн Мөнхбатыг томилуулах асуудлыг хэлэлцэж дэмжлээ.
Сайдад нэр дэвшигчтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү сүүлийн үед хөндөгдөж байгаа “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудалд онцгой анхаарал хандуулахыг онцгойлон захив. Мөн ЗГХЭГ-т төрийн өмчийн бүх компаниудыг нийлүүлэн удирддаг учир эрх мэдлээ хэтрүүлсэн зүйлс байвал ил тод гаргаж, илрүүлэх, төрийн өмчийг удирдах ТУЗ-ийн дарга нарыг шинэчилж, мэргэшсэн мэргэжлийн хүнээр бүрдүүлэхийг хүсэв.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Ерөнхий сайдаас үлдсэн 4 сайдыг хэзээ оруулж ирэхийг асуугаад АТГ ямар дүгнэлт хийснийг дэлгэрэнгүй тайлбарлахыг хүсэв. Мөн нэр дэвшигч Ж.Мөнхбатад хандаж, Төрийн сайд болж байгаа учир аливаа асуудалд хариуцлагатай хандаж байхыг захив. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүнд “Дөрвөн сайдын асуудлыг Ерөнхийлөгчтэй дахин зөвшилцөж удахгүй оруулж ирнэ. АТГ тухайн албан тушаалыг хашихад ашиг сонирхлын зөрчилтэй гэж дүгнэсэн” гэлээ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “МАН мэргэжлийн Засгийн газар байгуулна, засаглалаа мэргэжлийн хэмжээнд авч явна гэж ард иргэд маш их итгэл хүлээлгэсэн. Гэтэл Засгийн газраас оруулж ирсэн саналыг хараад цочирдлоо. Сайд нарыг томилохыг гишүүд нь мэдээгүй. Хэдэн дарга нар л ярьж шийдлээ. МАН дотоод ардчилалгүй байна” хэмээн шүүмжлэв.
УИХ-ын гишүүн Ю.Аюурсайхан өргөн барьсан сайд нарын хэд нь мэргэжлийн сайд байгааг асуухад Ерөнхий сайд “Миний нэр дэвшүүлсэн 11 сайд бүгд мэргэшсэн, салбараа мэддэг, эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс” гэж хариулав.
Ж.Батзандан гишүүн “ЗГХЭГ-ын даргын удирдан, чиглүүлэх ажил маш их. Сайд нарыг удирдан чиглүүлэх ёстой” гэсэн юм.
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 95.3 хувь нь дэмжиж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг томиллоо.
Н.Гантуяа