Украин улсад 90 орчим монгол иргэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Украин улсад суралцаж байгаа монгол оюутнуудтай Польш Улсад суугаа ЭСЯ болон Украин дахь өргөмжит консулаар дамжуулан байнгын холбоотой ажиллаж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө өгч байгаа тухай Гадаад харилцааны яам өнөөдөр мэдээлэв.
Тус улсад манай улсын 90 орчим иргэн байгаагаас 22 нь Украин Улсад байнга оршин суудаг байна. Тус улсын их, дээд сургуульд энэ хичээлийн жилд 68 монгол оюутан суралцаж байгаагаас зургаа нь эх орноосоо цахимаар суралцаж байгаа юм. Харин зургаан оюутан эх орондоо буцахаар болсноо ЭСЯ-нд мэдэгдээд байгаа аж.
ЭСЯ-нд бүртгүүлээгүй Украин Улсад оршин суугаа иргэд tuvshin@ambasadamongolii.pl цахим шуудангаар бүртгүүлэх шаардлагатай бөгөөд ЭСЯ-ны +48 538 286 500 дугаарын шуурхай утсаар холбогдох боломжтойг сануулав.
Түүнчлэн Украин Улс руу зорчихоор төлөвлөж буй иргэддээ тухайн улсын геополитикийн хурцдаж болзошгүй нөхцөл байдлыг харгалзан үзэхийг ГХЯ-наас зөвлөлөө.