Сургуулийн анги бүрд хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх самбар байршуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-02-09 16:34:25
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн төвийн Эрдэнэбулган сумын ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс сумын бүх ерөнхий боловсролын сургуулиудад "Сурагчийн мэдлэгт" нэртэй, хүүхдүүдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх самбарыг зурагт хуудасны хамт нийгмийн ажилтнуудад нь хүлээлгэн өглөө. Сургуулийн анги бүрд байрлах эл самбарт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх агуулгыг багтаасан бөгөөд хичээлийн жилд 2-3 удаа зурагт хуудсыг шинэчилж, агуулгыг сайжруулж явах юм.
БСШУЯ, НҮБ-тай хамтран хийсэн судалгаагаар улсын хэмжээнд сурагчдын 38 хувь нь сургуулийн орчинд үе тэнгийнхний дээрэлхэлтэнд өртдөг гэжээ. Иймд сургуулийн орчинд хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, хүүхдүүдэд энэ чиглэлийн мэдлэг мэдээллээр тасралтгүй хангаж байх нь чухал юм.
Холбоотой мэдээ