Монгол банкны Архангай дахь салбараас сэтгүүлчдэд сургалт явуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-02-08 16:03:04

Архангай /МОНЦАМЭ/. Монгол банкны Архангай аймаг дахь салбараас Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд "Инфляц" сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сэтгүүлчдэд эдийн засгийн ойлголтыг системтэйгээр, шат дараатай олгоход тэдний эдийн засгийн мэдлэг сайжирч, мэдээ, сурвалжилга бэлтгэхэд дөхөм болох давуу талтай. Нөгөө талаар ард иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зөв мэдээлэл хүргэхийн тулд нэн түрүүнд сэтгүүлчдийг зөв мэдээллээр хангах нь чухал гэж үзсэн байна. Цаашид уг сургалтыг сар бүр уламжлал болгон зохион байгуулах юм. Дараагийн сард "Үндэсний нийт бүтээгдэхүүн болон дотоодын нийт бүтээгдэхүүн" сэдвээр сургалт явуулахаар болсон байна.

Уг сургалтад МОНЦАМЭ агентлагийн Архангай аймаг дахь сэтгүүлч Б.Гэрэлт-Од, МҮОНТ-ийн Архангай аймаг дахь сурвалжлагч, "Тамир" телевизийн гүйцэтгэх захирал Х.Цэвэгмэд, аймгийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Б.Мандуул, ЗДТГ-ын хэвлэлийн ажилтан Э.Эрдэнэчимэг, "Сод медиа" студийн сэтгүүлч Ж.Долгорсүрэн нар оролцлоо.

Холбоотой мэдээ