Алтайн хойлгийг тээвэрлэх гэж байсан зөрчлийг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-01-28 16:20:39

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Авто тээврийн төв, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын алба хаагчид хамтран өдөр бүр хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслийн ачаа тээшинд үзлэг шалгалт хийж байна.

Хяналт шалгалтын явцад 1 ширхэг Алтайн хойлог шувууг дайвар ачаагаар явуулах гэж байсан зөрчлийг энэ сарын 27-ны өдөр  илрүүлжээ..

Манай улсад тухайн шувууг агнахыг 1953 оноос хуулиар хоригложээ. Мөн Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтнаар бүртгэж, Монгол Улсын Улаан номд оруулсан байна.

Мэргэжлийн хүмүүсийн хэлснээр махыг нь эмчилгээ, сувилгаанд хэрэглэх зорилгоор  иргэд Алтайн хойлгийн хулгайгаар агнаж, худалдаалах, үргээж байршлыг нь алдагдуулдаг аж. 

Иймд хууль бусаар ховор, нэн ховор амьтдыг агнасан тохиолдолд Эрүүгийн тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцдог болохыг хууль, хяналтын байгууллагууд анхааруулж байна.

Холбоотой мэдээ