Тэтгэвэр, тэтгэмж нэмэх төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов

Монголын мэдээ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-01-28 10:50:51
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, Монгол Улсын төсвийн хуулиудын нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 


Монгол Улсын Ерөнхийлөгч төсвийн боломжид нийцүүлэн иргэдийн тэтгэврийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон. Өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх боломж нь нийгмийн даатгалын сангийн 2021 оны давсан орлогын эх үүсвэрийг ашиглах бөгөөд үүний тулд 2022 оны улсын төсөв болон нийгмийн даатгалын сангийн төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн байна. 


Энэ хүрээнд, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ. 


УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр 14.00 цагт эхлэх бөгөөд дээрх хуулийн төслийг хэлэлцэн батлах юм. 


Инфляцын түвшин нэмэгдэж, 2021 онд улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах шаардлагыг зүй ёсоор бий болгож байгааг төрийн тэргүүн илэрхийлээд байгаа юм.

Холбоотой мэдээ