Сариг тэх наадгай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-01-27 17:53:38

Ховд /МОНЦАМЭ/. Ардын дуу, магтаал бүхий хөгжмийн аялгуугаар дамжуулан тоглодог наадгай бол “Сариг тэх”.

Уг наадгай нь баруун аймаг, тэр дундаа Ховд аймагт аж төрж буй захчин, торгууд угсаатны дунд элбэг байжээ. Зарим нутагт энэхүү ховордсон соёлын биет бус өв болох “Сариг тэх” наадгайг бий биeлгээтэй хослуулан хөгжүүлж ирсэн байна.  

“Энэ наадгай бол ууланд амьдарч буй ан амьтантай гэрээсээ хөгжмөөр холбогдож, амьтныг хайрлах, бишрэн шүтэх монгол сэтгэлгээг илэрхийлж, өвлүүлж байгаагаараа онцлогтой” гэж соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч иргэд хэлсэн байдаг. 

Тэгвэл Ховд аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн Д.Батнасангийн тухайд 2020 оноос эхлэн "Сариг тэх" хэмээх ардын уламжлалт наадгайг судалсан бөгөөд энэхүү наадгайг цаашид өргөн дэлгэрүүлэх, өвлүүлэхэд анхаарахыг уриаллаа.   

Тэрбээр саяхан "Сариг тэх хэмээх ардын уламжлалт наадгай миний сонирхлыг татав” сэдэвт судалгаа-шинжилгээний нийтлэл бичжээ. Түүнтэй өнөөдөр уулзаж, судалгааны ажлын үр дүн, Сариг тэх найдгайн зарим онцлог талуудын тухай сурвалжиллаа.   

Энэ үeэр Д.Батнасан хэлэхдээ: “Мартагдаж буй өв соёлыг язгуур утгаар нь сэргээх, хойч үедээ өвлүүлэн үлдээхийг зорьж яваа Ховд аймгийн ахмад настан Г.Хонгороо болон бусад соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч нарын яриаг сонсоод, уг наадгайг судлах сэдэл анх төрж, өөрийн сонирхлын дагуу цахим орчинд монгол, орос, англи хэл дээр судалгаа явууллаа. 

Одоогоор Ховд аймагт “Сариг тэх” наадгайг 2 өөр хөгжмийн зэмсгээр тоглон наадуулдаг болох нь тодорхой бөгөөд мөн хийцийн хувьд ч 2 өөр хэлбэртэй байна. Ахмад настан Г.Хонгороо гуайн тухайд сариг тэхийг дээрээс утсаар дүүжлэн икэл хөгжмийн таталгаар наадуулах бол Үeнч сумын соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч М.Баяртай сариг тэхийг доороос гол, иш дээр тогтоож тоглуулж байгаа юм.     

Үүнээс гадна тус наадгай баруун монголчуудын дунд төдийгүй Шинжааны монголчуудын дунд байх бөгөөд ардын бий биeлгээ (савардан бий)-тэй хослон наадуулдаг нь сонирхол татаж байгаа хэдий ч мөн л ховордсон, мартагдах талдаа орж байгаа байдалтай ажиглагдсан. Шинжааны монголчуудын дунд “Сариг тэх” гэх нэрээрээ уг наадгай түгэн дэлгэрч, манайд байгаа 2 хэлбэрээр өвлөн уламжлагдаж байна” гэлээ.      

                                   

                          Сариг тэх наадгайн түүхэн хөгжил, хувиралт, өөрчлөлт… 


“Сариг тэх” наадгайг Кыргиз хэлээр “так теке”, Казах хэлээр “Ортеке” гэж хэлдэг. Мөн Түрэг хэлээр “Ортеке” гэх бөгөөд “Ор-хар улаан буюу орог зүс“, “Теке-ямаа” гэсэн утыг илэрхийлэх боловч нийлмэл утгаараа “ямаан гөрөөсөн”, “янгир ямаа”, “уулын ямаа” гэх утгыг илэрхийлдэг байна.

 Уг наадгайн нь 13 дугаар зууны үе, их хаан Чингисийн байлдан дагууллын үед Казахын хант улсын дунд үүссэн гэж үздэг. Харин 19 дүгээр зуунд алдарт хөгжимчин Курмангазын "Аксак кийик" буюу “Өнчин бөхөн” бүтээлээр алдаршсан байна.

Түүнчлэн “Ортеке” ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн. Энэ утгаараа Кыргизстан болон Казахстан, Халимаг улсад олон улсын томоохон арга хэмжээнүүд тогтмол зохион байгуулагддаг.

“Ортеке” наадгайг Кыргизид 1965 оноос хойш идэвхтэй судалж “Хүүхэлдэйн театр” урлагийн чиглэлээр хөгжүүлж ирсэн бол Казахстан улсад 1934 оноос эхлэн судалж, “Үндэсний хөгжим” урлагийн чиглэлээр хөгжүүлж иржээ. Мөн Казахстан улсын дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт Сариг тэх буюу “Ортеке” наадгайн талаар судлахаар тусгасан байна.

Уг наадгайг урлагийн олон хэлбэрт шилжүүлэн тоглодог ардын урлагийн хамтлагууд бий болсон байна. Казахстанд сүүлийн үед залуус сариг тэхийг орчин үеийн хэлбэрт оруулан урлах болжээ. 

Сариг тэх буюу “Ортеке”-г дундад азийн орнуудад 2 хөгжмийн зэмсэг ашиглан наадуулж байна. Үүнд, кобыз, икэл буюу чавхдаст хөгжмөөр, товшуур, домбор хөгжмөөр тус тус тоглон наадуулдаг. 

Харин баруун монголчуудын нэг хэсэг болох Халимагуудын хувьд уг наадгайн нэр арай өөр “Шог бий” нэртэй болж, тэмээ тоглуулдаг байна. Мөн уг “Шог бий”-г хөгжүүлэх уламжлуулах тал дээр олон арга хэмжээ зохион байгуулдаг аж.  


Д.Батнасан: “Сариг тэх” наадгайгаар хүүхдийн зохион бүтээх авьяас, соёл, гоо зүйн боловсролыг хөгжүүлж болно 


"Судалгаанаас дүгнэхэд сариг тэх хэмээх уламжлалт наадгай нь эртнээс нааш Монгол болон дундад Азийн нутгаар өргөн тархсан, урлагийн нэгэн хэлбэр байна. Энэхүү урлаг нь нэг талаасаа хөгжмийн хэмнэлд механизмийг удирдан үзүүлбэр үзүүлдгээр их өвөрмөц юм.  

Харин монголчуудын хувьд хөгжмийн хэмнэлээр механизмийг удирдан үзүүлбэр үзүүлэхийн сацуу бий биелгээ хийж, гурвалсан үзүүлбэр хийдгээрээ онцлогтой байна. Магадгүй энэ утгаараа уг наадгайн гарал үүсэл монголчуудын бий биелэгээтэй салшгүй холбоотой ч байж болох юм" гэж Д.Батнасан хэллээ. 

Мөн "энэхүү наадгайг цаашид илүү нарийвчлан судлах, баруун монголчуудын дунд өргөн дэлгэрүүлэх, өвлүүлэх шаардлагатай байна. Өвлөн уламжилсан иргэдийг түшиглэн сургалт, уралдаан, судалгаа шинжилгээний ажлыг зохион байгуулах нь зүйтэй юм. “Чадварлаг багш, сурагч, оюутан” дэд хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн Боловсролын газраас “Бид Ховдын хүүхдүүд” аян зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү аяны хүрээнд Ховд нутгийн онцлог, түүх, соёлын талаар сурталчилж, хөгжүүлэх зорилгоор хүүхэд багачууд, өсвөр үeийнхэнд чиглэсэн томоохон ажил хэрэгжүүлдэг. Энэ жилийн тухайд тус аяны үйл ажиллагаанд сариг тэх наадгайн талаар тусгах санал гаргаж, хэлэлцэж байна.    

Үүнээс гадна цаашид eрөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд сариг тэх наадгайг судлах тухай тусгаж өгвөл хүүхдийн зохион бүтээх авьяас болон соёл, гоо зүйн боловсролыг хөгжүүлэхэд сариг тэх наадгайг ашиглах боломжтой гэж үзэж байна. Сариг тэх наадгайг хэрхэн бүтээх арга, аргачлалын талаар дизайн тeхнологийн хичээлээр дамжуулан хүүхдүүдэд зааж, сургаж болно. Улмаар хүүхдийн урласан сариг тэх наадгайг дуу хөгжим, түүхийн хичээлд ашиглах замаар сурагчдын гоо зүй, соёлын мэдлэгийг дээшлүүлж, хөгжүүлж болох юм. Нөгөө талаасаа байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах зан үйлийг хэвшүүлэх боломж өргөжихөөр байна" гэж тэрбээр онцоллоо.   

Сариг тэх наадгай үүссэн түүх. “Ах дүү хоёр анчин анд явж байгаад янгирын ишиг хад дамжин наадаж байхыг хараад, гэртээ ирж сийлэн, товшуур хөгжмөөр тоглон наадсан”-аас үүдэлтэй гэж зарим иргэд ярьдаг аж.     

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ